Өнгөрөгч амралтын өдрөөр болж өнгөрсөн “Digital nation-2021” экспогийн үеэр 5G туршилтыг хоёр дахь удаагаа амжилттай хийсэн билээ. Тэгвэл 5G хурдыг юунд ашиглаж болох, ялгаа, хэрхэн хөгжиж байгаа талаар багахан мэдээлэл хүргэе.
5G-г маш энгийнээр тайлбарлая. Энэ бол бидний одоо ашиглаж буй 4G LTE сүлжээний дараагийн, сайжруулсан хувилбар юм. 5G-ийг мэдье гэвэл үүний өмнө хэрэглэж байсан 1G, 2G, 3G, 4G ийн талаар мэдээлэлтэй байх нь зүйтэй.
-1G анх 1979 онд Японы нийслэл Токио хотод ашиглаж эхэлсэн. Энэ нь бидний мэдэх утасгүй холболтын эхлэл.
-2G нь 1991 онд Финланд улсад нэвтэрсэн. 1G ашиглаж байсан аналоги сүлжээ халагдаж энэ үеэс хүмүүс хоорондоо харилцан мессеж илгээх боломжтой болж байжээ.
-3G нь 2000 онд дэлхийн ихэнх улсад энэхүү сүлжээг ашиглаж байсан бөгөөд Монгол Улсад 2009 онд нэвтэрч байжээ. Уг сүлжээний татах хурд төрлөөсөө хамаараад харилцан адилгүй ч энэ үеэс эхлэн интернет ашиглах олон төрлийн контент хүлээн авах чадвартай болжээ.
4G- 2008 оноос эхлэн ашиглаж эхэлсэн бөгөөд 3G сүлжээнээс дор хаяж, 5 дахин хурдан буюу 10-50mb ба Монгол Улсад 2016 оноос нэвтэрсэн. Энэ сүлжээгээр өндөр нягтаршилтай, дуу бичлэг кино үзэх боломжтой болсон байна.
5G нь бидний хэрэглэж буй 4G-с юугаараа ялгаатай вэ?
Хамгийн түрүүнд мэдээж хурд. Бодит байдалд 4G сүлжээнээс 10-20 дахин хурдыг үзүүлнэ гэж таамаглаж байгаа бол VIRICON 4G –с 30-50 дахин хурдтай байна гэж мэдээлсэн байна. Хурдаас гадна дамжуулах үеийн хоцролт бага илүү найдвартай тогтвортой холболт зэрэг илүү өргөн цар хүрээтэй байх аж.
5G ямар салбарт өөрчлөлт авч ирэх вэ?
Аливаа мэдээллийг асар богино хугацаанд нэгээс нөгөөд дамжуулан мэдээллэх бөгөөд эрүүл мэндийн салбарт ч том өөрчлөлт ач холбогдлыг авч ирэх боломжтой. Жишээлбэл, АНУ-д байгаа мэс засалч Монголд байгаа робот гарыг 10 гаруй мянган км зайнаас удирдаж байгаа ч яг л хажууд нь байгаа мэт цаг хугацааны алдагдалгүй удирдаж чадах юм. Өөрчлөлт гарах магадлалтай бас нэгэн салбар нь боловсролын салбар. AR, VR, Холограм зэрэг бодитоор оршдоггүй эсвэл хол байгаа зүйлийг хажууд мэт харагдуулж чаддаг технологи 5G-ын ачаар улам хөгжинө. Ингэснээр цаг хугацаа, орон зай үл хамааран хичээлд суух эсвэл хичээл заах боломжийг бий болгож байгаа юм. Нэг ёсондоо заавал багш сурагч хоёр нэг танхимд байж хичээл ордог үеийг халахад 5G хүчтэй нөлөө үзүүлнэ гэсэн үг юм.
Бид хэзээ 5G ашиглах вэ?
Хэдийнэ бид хоёр дахь удаагийн туршилтаар 5G сүлжээг амжилттай зохион байгуулсан. 5G технологи нь Монголд 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны эхээр нэвтрэх хүлээлттэй байгаа гэдгийг Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас мэдээлсэн юм. Энэхүү технологийг нэвтрүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө, олон бүтээн байгуулалт хэрэгтэй ч бидний ирээдүйд томоохон боломж ач холбогдлыг авчрах зүйл яалт ч үгүй мөн билээ.
Б.Болортуяа