Гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинжилгээг ХӨСҮТ, JCI олон улсын итгэмжлэлт бүхий Интермед эмнэлгийн лабораториудад өгөх тушаал гаргажээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байна гэж үзэхээр байгаа тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн.
Тэгвэл хувийн хэвшлийн Интермед эмнэлэгт давуу байдал олгосон гэх мэдээлэлд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр тайлбар өглөө.
Тэрбээр "Интермед эмнэлэг нь:
1. Олон улсын JCI магадлан итгэмжлэл авсан анхны бөгөөд одоогоор ганц эмнэлэг. Гурван жил тутам стандарт нь шинэчлэгддэг тул гурван жил тутам шалгалтад ордог. Ингэснээр дэлхийн шилдэг 700 эмнэлгийн нэг болсон.
2. Лаборатори нь гадаад дотоод хяналтыг тогтмол хийдэг ба ХӨСҮТ-ийн хяналтад 100 хувь хариу тохирсон.
3. Лаборатори нь ISO-15189 магадланг мөн авсан ба сунгуулах үйл ажиллагаа явж байна.
4. Ковидын лаборатори нь драйв-тру зохион байгуулалттай, иргэн хамгийн бага эрсдлээр шинжилгээ өгч хариугаа утсандаа авах ба тамгатай хариуг 24 цагаар олгож байгаа.
5. Ковидын лаборатори нь эмнэлгээс тусдаа гадаа контейнерт зохион байгуулагдсан, тусдаа ажилтнуудтай учир бусадтайгаа холилдохгүй.
6. Зөвхөн зөвшөөрөгдсөн Biorad, Sunsure, Roche брэндийн баталгаатай урвалж ашиглаж байгаа.
7. Шинжилгээ авахдаа иргэний үнэмлэх, гадаад пасспортын фото зургийг нь тулгаж байна.
8. Луйвар, хуурамч хариу өгөх эрсдэлд давхар хяналт тавьж байгаа" гэв.