Цар тахлын үед халдварын нөхцөл байдлаас улбаалж, НЗДТГ-аас ААН-үүдтэй "Хариуцлагын гэрээ" байгуулаад буй. “Хариуцлагын гэрээ”-нд олныг хамарсан хурим, найр, хүлээн авалт хийхийг хориглоно гэж тодорхой заасан. Нэмэлт тоног төхөөрөмж ашиглахыг ч хориглосон юм. Хориглосон үйл ажиллагаа явуулсан эхний хоёр тохиолдолд сануулга өгч байна. Харин гурваас дээш удаа олныг хамарсан үйл ажиллагаа явуулбал “Хариуцлагын гэрээ”-г цуцалж байгаа. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгж 22.00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Заалаар үйлчлэхгүй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
-Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хэчнээн аж ахуй ахуйн нэгж "Хариуцлагын гэрээ" хийсэн бэ. Хариуцлагын гэрээнд заасан журмын мөрдөлт нь ямар байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд 2548 аж ахуйн нэгж хариуцлагын гэрээ байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газар, УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу бид улбар шар түвшний өндөржүүлсэн бэлэн байдал амьдарч байгаа. Энэ хүрээнд караоке, баар цэнгээний газрууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй, хориотой гэсэн үг. Тиймээс ААН-үүдтэй хариуцлагын гэрээ байгуулахаас өөр аргагүй. Хариуцлагын гэрээ байгуулсан шалтгаан нь Нийслэлийн Засаг захиргааны зүгээс ААН-үүд, эдийн засгаа дэмжих, хамгаалах ямар бодлого баримталсж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлаад үйл ажиллагаагаа явуулаад бага ч гэсэн орлоготой байж ажилчдынхаа цалинг тавих боломжийг хуулийн хүрээнд нээж өгсөн гэсэн үг. Мэдээж гэрээний зарим заалтад ААН-үүд шүүмжлэлтэй хандаж, биелүүлэх боломжгүй, маш хатуу заалт байна гэж байгаа ч бид цар тахлын үед эрсдэлээ сайтар тооцоолох шаардлагатай. Тэгэхээр эдийн засаг, цар тахал хоёроо хослуулаад хуулийн хүрээнд ажиллах цор ганц арга нь "Хариуцлагын гэрээ" юм.
-ААН-үүд "Хариуцлагын гэрээ"-ний ямар заалтыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байгаа вэ. Нэмэлт заалт тусгах хүсэлт тавьж байгаа юу?
-ААН-үүд хоёр сонголт бий. Нэг нь хариуцлагын гэрээгээ биелүүлээд ажиллах, нөгөөх нь хариуцлагын гэрээ хийлгүй үйл ажиллагаа зогсоож болно. Учир нь Засгийн газар, УОК-оос гаргасан улбар шар түвшин нь өөрөө ийм зохицуулалттай юм. Тиймээс Нийслэлийн Захиргаанаас УОК, Засгийн газрын гаргасан шийдвэрийг давсан шийдвэр гаргаж болохгүй. Харин хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авах боломжтой, ААН-үүдээ хэрхэн дэмжих, эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гэдгийг "Хариуцлагын гэрээ"-гээр зохицуулж байгааг ойлгох хэрэгтэй.
-Хаа сайгүй бөөгнөрөл үүсч байгаа энэ цагт "Хариуцлагын гэрээ"-гээр ААН-үүдийн үйл ажиллагааг боомилж байна гэх шүүмжлэл иргэдийн дунд байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Хариуцлагын гэрээ бол эрх зүйн акт. Үүнийг хэрхэн, яаж хэрэгжиж байна вэ гэдэгт хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага хяналт тавьдаг. Хяналт, шалгалтын хүрээнд олон зөрчлүүд илэрч байгаа. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа учир халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтал гэдэг зөвлөгөө, зөвлөмжийг тогтмол өгөөд явж байна. Удаа дараа сануулж, зөвлөж байхад хүлээж авахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцож байгаа. Гэхдээ энэ нь өндөр тоо биш. 2548 аж ахуйн нэгжээс өнөөдрийн байдлаар найман аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Тиймээс ААН-үүд маш хариуцлагатай байх шаардлагатай байна.
-Үйл ажиллагааг нь зогсооно найман ААН нь ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд байсан бэ?
-Баар, ресторанууд байгаа. Учир нь хурим, үсний найр зэрэг нэгдсэн арга хэмжэг удаа дараа зохион байгуулсан. Олон удаа сануулаад байхад хүлээж аваагүйн учир ийнхүү арга хэмжээ авсан.
Э.Дэлэгнанзадмаа