АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттэрт 74 сая дагагчтай. Зургийн эх сурвалж: The Sun
Түлхүүр мэдээлэл:
- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Ковид-19"-ийг Хятад вирус гэж нэрлэв. Олон жиргээндээ ингэж дурджээ.
- Трампын жиргээнд БНХАУ ууртай хариу үзүүлэв.
- БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан "Ковид-19"-ийг АНУ Уханьд тараасан гэж буруутгав.
- АНУ-ын ТНБД Майк Помпео Хятадыг үндэслэлгүй мэдээллээр Вашингтоныг буруутгахаа зогсоохыг шаардав.
- Ялгаварлан гадуурхсан тухай маргаан өрнөж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийг “Хятад” гэж нэрлэснээс хойш БНХАУ-ын эрх баригчид уур уцаартай хариу үйлдэл үзүүлж байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ-ыг Хятадыг гутаан доромжлохоосоо өмнө “өөрийн хэрэгтээ л анхаар” гэж анхааруулжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч АНУ-ын арми вирусийг Хятадад авчирсан гэж мэдэгдсэн юм.
Энэхүү дуулиант жиргээний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Бээжинг вирусний дэгдэлтэд буруутгасан худал мэдээллийг дэлгэрүүлэхээ зогсоохыг шаарджээ.
Дональд Трамп юу гэж хэлсэн бэ?
АНУ-ын ерөнхийлөгч даваа гарагт твиттер хуудаснаа “Ковид-19” өвчин үүсгэдэг коронавирусийг "Хятадын вирус" гэж тодорхойлжээ.
The United States will be powerfully supporting those industries, like Airlines and others, that are particularly affected by the Chinese Virus. We will be stronger than ever before!
— Donald J. Trump (@realDonaldTrump) March 16, 2020
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) гутаан доромжлох эрсдэлтэй тул уг вирусийг дэгдсэн тодорхой газар нутаг, бүлэгтэй холбож нэрлэхийг татгалзахыг уриалсан билээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргааны хэд хэдэн ажилтнууд “Ковид-19”-ийг Хятадын вирус гэж нэрлэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Уханийн вирус” хэмээн удаа дараа дурдсан.
Ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
БНХАУ-ын Гадаад явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ энэхүү твиттер нь “Хятадыг гутаан доромжилсон шинж чанартай” гэжээ. Тэрээр “Бид АНУ-аас алдаагаа засч, Хятадыг үндэслэлгүй буруутгах явдлыг зогсоохыг уриалж байна” гэв.
Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа “Ноён Трампын жиргээ нь ялгаварлан гадуурхаж буй хэрэг бөгөөд улстөрчдийн хариуцлагагүй, чадваргүй байдлыг ил болгож, мөн вирусний халдвартай холбоотой нийгмийн айдсыг нэмж байна” гэж мэдээлжээ.
Г.Мандахбилэгт
Эх сурвалж: BBC, Xinhua