Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр бусдыг зодож, хэрэг төвөгт орооцолдсон тул ажлаа өгөөд зургаан сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг МҮОХ-ны Удирдах зөвлөлөөс гаргасан байдаг.
Тэгвэл ирэх 11 дүгээр сарын 30-нд МҮОХ-ны Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болохоор товлоод байна. Одоогийн байдлаар тус хорооны Ерөнхийлөгчид одоогийн тэргүүн дэд Б.Баттүшиг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Э.Мөнх-Очир, Ц.Бат-Энх болон МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар өрсөлдөнө гэх мэдээллүүд яваад эхэллээ.
Нэр дэвших магадлалтай байгаа хүмүүсийн нэрсийг харахад л хэн, хэн гол өрсөлдөөнд орж бусад нь албан тушаалын "наймаа", эсвэл өөрийгөө таниулах гэсэн алхам хийж буй нь тодорхой уншигдаж байна. Өөрөөр хэлбэл, МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү С.Баттүшиг болон Сү.Батболдтой улс төрд орсон цагаасаа хойш ил далдаар "арсалдаж" буй Х.Баттулга хоёрын нэг нь сонгогдох нь ойлгомжтой. Энэ хоёр эрхмийн улс төрийн том нөлөө, том мөнгө бусад эрхмүүдэд боломж бараг олгохгүй болов уу. Өрсөлдөөнд орохоор зэхэж буй "этгээдүүд" дэд, генсек болон зарим спортын холбоодыг авахаар тохиролцоод "тоглоомоос" өөрсдөө гарч, цагаан тугаа намируулах нь цаг хугацааны асуудал.
С.Баттүшиг, Х.Баттулга хоёрын хооронд өрнөвөл жинхэнэ халуухан өрсөлдөөн болох нигууртай. Х.Баттулгын хийж буй сүүлийн жилүүдийн улс төр тэр чигтээ Сү.Батболд рүү чиглэсээр ирсэн. Оюутолгой, Бороо гоулдаас эхлээд мань хоёрын бие бие рүүгээ хэвлэлийн хуудсаар болон ордны "тайзнаа" дайралцсан түүх арвин. Хамгийн сүүлд гэхэд л Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас огцруулахад тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна" гэж хүртэл мэдэгдэж байв.
Хоёр эрхмийн хооронд үүсдэг талцал, маргааны сэдэв үнэндээ дуусахгүй. Улс төрд мөнхийн өстөн мэт сууцгаасаар хорин жил болох гэж байна. Эцэст нь нэг нь улс төрөөс түр холдлоо гэтэл спортын салбар дээр очоод дахиад нүүр тулах "зурлагатай" байсан бололтой.
Ялах ялагдахын тухайд гэвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд улстөрийг нь оролцуулахгүйгээр спортын замнал нь үнэхээр бахархалтай. Тамирчин байхдаа тив, дэлхийн тэмцээнд түрүүлж, гавьяат тамирчин болтлоо тэмцэж явсан. Төдийлөн амжилт нь гавихгүй байсан жүдо бөхийн холбоог авсан цагаасаа зөв менежмент, шаардлагатай хөрөнгө мөнгийг зарцуулснаар жүдо бөх олимпын төрлүүд дундаа Монголд манлайлж байна. Өнгөрсөн олимпоор гэхэд манай баг тамирчид дөрвөн медаль авсны гурвыг нь жүдочид авлаа. 2004 оны олимпоос хойш тасралтгүй медаль авч, нийт медалийн тоогоороо чөлөөтийн тамирчдыг ардаа орхив. "Женко" бөхийн дэвжээ, олон улсын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголд олон улсын зэрэглэлтэй чанартай тэмцээнийг зохион байгуулдаг болсон гээд бүх амжилт энэ хүнтэй яалтчгүй холбоотой. Улс төрийнх нь алдаа, оноо мянга байлаа ч спортын салбарт гаргасан амжилт, ахиц дэвшлийг нь хэн ч унтрааж, үгүйсгэж чадахгүй.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спорт, олимпизм хариуцсан зөвлөхөөрөө томилж хажуудаа шадарлуулж буй хэрэг. Магадгүй энэ утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга МҮОХ-г удирдах тал руугаа эргэж болох л юм. Улс төрийн хувьд том дэмжлэгтэй бөгөөд спортынхон нь түүнд хачин их "хайртай" юм билээ.
С.Баттүшигийн хувьд гадаадад сурч ирсэн даруйдаа Ардын намын залуучуудын байгууллага болон спортын салбарт ихээхэн ач холбогдол өгч ажиллаж буй нэгэн. Сайн аавын нэр нөлөөгөөр урагшилж буй гэж түүнийг масс хардаг ч, өнгөрсөн хугацаанд спортын чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, бодлогын түвшинд ажилласаар ирсэн. Аав Сү.Батболд нь Монголын сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулж байсан гэдэг. Түүний үүсгэн байгуулсан “Алтайн барс” клубийн нэр дээрээс одоогийн хотын дарга Д.Сумъяабазар хүртэл барилдаж байв. “Алтайн бүргэдүүд” сагсан бөмбөгийн багийг ивээн тэтгэж сагсан бөмбөгийн спортод онцлох хувь нэмэр оруулж байсан. Одоо хүүхэд нь спорт, олимпизмын асуудлаар тууштай хөөцөлдөж яваа их спорттой ойр дотно гэр бүлүүдийн нэг юм.
Х.Баттулга , Сү.Баттүшиг хоёрын хэн нь МҮОХ-г тэргүүлэхийг олимпын спортын холбоод болон олимпын бус спортын холбоодын төлөөллүүд эцэслэн шийдвэрлэнэ. Талууд хэн, хэн нь мөнгөтэй хөрөнгөтэй. Спортод элэгтэй явж ирсэн гэр бүлийн төлөөлөл.
Аль ч гэр бүл нь МҮОХ-г “авсан” байсан нөгөө талыгаа спортоос түлхэн гаргана. Х.Баттулга одоогийн Ерөнхий сайд болон өөрийн спортод оруулсан хувь нэмрийнхээ ачаар олимпын хороог авсан нөхцөлд С.Баттүшигийг дэд Ерөнхийлөгчөөс нь огцруулж, “хөөж” орхих нь тодорхой. Нөгөө талд нь С.Баттүшиг ялалт байгууллаа гэхэд Х.Баттулгын МҮОХ-той холбогдох гэсэн хүслийг нэг мөр таслан зогсооно.
Товчоор бол, энэ хоёр эрхэм хэн нь ч ялсан бай нэгнийгээ хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хэрээрээ Монголын спорт, тэр дундаа олимпизм талцал хэрүүл, үл ойлголцол руу эргэлт буцалтгүй орох бололтой. Юу болохыг хамтдаа харцгаая.
Г.Лхагвадорж