Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“А92 шатахууныг нийлүүлдэг үйлдвэр засварт орсон тул ОХУ-аас нийлүүлэлт багассан“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 32 секунд

No description available.Сүүлийн өдрүүдэд А92 бензиний хомсдол үүсч, шатахуун түгээх станцууд засвартай гэх шалтгаанаар үүдээ хааж, шатахуундаа хязгаарлалт тогтоож байгаа талаар иргэд олон нийтийн зүгээс мэдээлсээр буй. Тэгвэл дотоодын нөөц, шатахуун импортлогч компаниудын татан авалт хэвийн байгаа эсэхийг АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.

-Шатахуун түгээх станцуудад А92 бензин тасалдаж, зарим нь худалдаалахгүй байна. Энэ чиглэлээр шатахуун импортлогч компаниудтай холбогдож тодруулсан зүйл бий юу?

-Сүүлийн хэдэн өдөр зарим шатахуун түгээх станцуудад хязгаарлалт тавих, бүтээгдэхүүн дууссан, татан авалт хийж байгаа гэх зүйлийг ярьж байгаа. Энэ нь нэгдүгээрт, манай улсад А92 шатахууныг нийлүүлдэг үйлдвэр энэ сард урсгал засварт орсонтой холбоотойгоор ОХУ-аас нийлүүлэлтийн хэмжээ багассан. Гэхдээ БНХАУ-аас шатахуун авахаар аж, ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, гаднаас орж ирэх импортын шатахууны нийлүүлэлт багассан хэдий ч дотоодын шатахууны нөөц хэвийн байгаа.

-Тэгэхээр нийлүүлэгч талаас шалтгаалсан хүчин зүйл байна гэсэн үг үү. Иргэдийн дунд шатахууны хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол байна?

-Энэ асуудалд хоёр талын хүчин зүйл байна. Нэгдүгээрт, импортлогч талаас шалтгаалахгүй зүйл байна. Энэ нь цаад нийлүүлэгч үйлдвэрүүдээс шалтгаалж байна гэсэн үг. Хоёрдугаарт, энэ тал дээр Зам тээвэр хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХХК-тай хамтран БНХАУ-ын China Oil үйлдвэртэй стратегийн бүтээгдэхүүнүүдээ татан авахад зориулагдсан вагон замыг тавих талаар ярилцаж байгаа.

Нөгөө талаас БНХАУ-д төмөр замын асуудал төвөгтэй. Нийлүүлэгч тал нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй байвч үйлдвэрээсээ гарахад Хятадын төмөр зам тухайн бүтээгдэхүүнийг Эрээн лүү төмөр замаар тээвэрлэх вагоны тоо хэмжээ хүрэлцэхгүй байх асуудал үүсээд байгаа юм. Хятад өөрөө тээвэрлэлтийн асуудал хүнд байгаа шүү дээ. Иймд манай зүгээс эхний байдлаар шатахууны татан авалтаа хийе гэдгийг холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч байгаа юм. Нөгөө талаас аж, ахуй нэгж компаниудаа бид шахаж байгаа. Гэрээний заалтуудын дагуу үүргээ биелүүлэх, харилцан холбоотой ажиллах зэргээр шаардлага хүргүүлсэн.

-Манай улсад шатахууны нөөцтэй байна вэ. Цаашид нөөцийг нэмэгдүүлж, тогтвортой барих тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Долоо хоног бүрийн мягмар гарагт Ашигт малтмал газрын тосны газарт аж ахуйн нэгжүүд импортоор орж ирсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үлдэгдлийн хэмжээг өгдөг. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Монгол Улсын хэмжээнд А92 шатахууны 24 хоногийн нөөцтэй гарсан. Нөөц хангалттай байгаа. Хомсдолтой биш.

Үндсэн зарчим дээрээ Монгол Улс гаднаас шатахуун түлш оруулж ирэхгүй байхад 30 хоног дотоодын хэрэгцээгээ хангах нөөцтэй байна гэсэн үг. Тэгвэл гаднаас А92 бензиний хэмжээ багасчихлаа шүү дээ. Тэгэхээр өмнөх долоо хоногт гарсан нөөцийн хэмжээ багасна гэсэн үг. Бүтээгдэхүүн маань орж ирэхээ бүр болиогүй. Энгийн үетэйгээ харьцуулахад бага орж байгаа. Долоо хоногийн өмнө 25 хоногийн нөөцтэй байсан бол өнөөдөр 22-23 болж буурах жишээтэй. Энэ нь нийт хугацаанд худалдаа хийдгээрээ хийнэ. Энгийнээр тайлбарлавал, хилээр арван ширхэг вагон орж ирээд шатахууны нөөц 29-30 хоногоо бариад байдаг байсан бол одоо 6-7 вагон орж ирж байгаа нь бүрдсэн нөөцийн багасаж байна гэсэн үг. Тэрнээс биш долоо хоногийн өмнө 30 байсан нөөц өнөөдөр ч хэвээрээ байна гэвэл ташаа ойлголт. ОХУ-аас тодорхой хэмжээний импортын хэмжээг багасгаж байгаа. Учир нь манай улс “Ангарский” үйлдвэрээс А92 бензинийг авдаг. Тухайн үйлдвэр засварт орсон байгаа. Нөгөөтэйгүүр ОХУ-д дотооддоо үнийн өсөлт, тодорхой хэмжээний бүтээгдэхүүний эрэлт өссөн байна. Тэр байтугай ОХУ-ын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн наймдугаар сард экспортдоо хориг арга хэмжээ тавина гэдгээ мэдээлж байсан шүү дээ. Хэрэв энэ хориг тавигдсан бол манайд юу болох вэ гэдэг өөрөө асуудал. Гадаад болон дотоод хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан энэ нөхцөл байдал гарч ирдэг. Үүнд төрийн зүгээс бүх талын зохицуулалтыг ажиллана.

-Өнгөрсөн долдугаар сард хийсэн мэдээллийн үеэр ОХУ-аас А95 бензинийг нийлүүлж чадахгүй гэж мэдээлсэн. Тухайн үед АМГТГ-аас ямар арга хэмжээ авч ажилласан юм бэ. Цаашид А95 бензиний хомдол үүсэхгүй байх тал дээр баталгаа бий юу?

-Долоо, наймдугаар сард ОХУ-ын Роснефтийн талаас манайд А95, А92 нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэж байсан. Тухайн үед нийлүүлэлт хийгдээгүй. Иймд бид БНХАУ-аас сардаа 2500-2800 тонны хооронд А92, А95 оруулж ирж байсан. Тухайн үед аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран богино хугацаанд татан авалтыг хийлгэж оруулж ирэх механизмыг хийж ажилласан. Яг үүнтэй адилаар тодорхой хэмжээний А92 шатахууны оруулж ирж буй хэмжээг багассан бага хэмжээний бүтээгдэхүнийг БНХАУ-аас оруулж ирэхээр хөөцөлдөж байна. Гэвч БНХАУ-ын талаас дотооддоо төмөр замын асуудалтай байгаа учраас энэ нь тээвэрлэлт тал дээр ч нөлөөлж байгаа юм.

-Шатахуун импортлогч компаниудаа нөөц бүрдүүлэх, татан авалтаа хурдасгах тал дээр тодорхой хэмжээнд "шахаж" чадаж байна уу?

-Хэдэн шатахуун импортлогч компаниуд нь худлаа, үнэн яриад шатахуунаа зарахгүй байгаа асуудал биш. Нөгөө талдаа төрийн байгууллага нь гайхаад харж суугаа хэрэг биш. Манай Монгол Улсын хилээс гадна хөрш орнуудын өөрсдийн бодлого үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа зүйлс бий. Үүнийг л хооронд нь зохицуулж уялдааг нь хангаж ажиллуулах нь төрийн байгууллагын үүрэг. Ирэх 7 хоногоос ОХУ-ын Роснефть компанитай уулзалт хийхээр хөдлөх гэж байна.

Түүнчлэн иргэд бие биенээсээ буруу ташаа мэдээлэл авч, түүндээ итгэх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Цар тахлаас шалтгаалан хомсдол үүсэх хэмжээний тоо мэдээлэл байхгүй. Нийлүүлэлт тодорхой хэмжээнд багассан.

Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь халамж хүртэж, төсвийн 30 хувийг халамжид зарцуулж байна
Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь халамж хүртэж, төсвийн 30 хувийг халамжид зарцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.