ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомсдол бий болгохоос урьдчилан сэргийлэх үнийн төвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Майндтеч ХХК-ийн үйлдвэрлэдэг ургамлын тосны нөөц, үйлдвэрлэх хүчин чадалтай танилцлаа.
Монгол улсын ургамлын тосны үйлдвэрлэлийн хувьд тосны ургамал болох рапсын үрийг шахаж, цэвэршүүлдэг бөгөөд улсын хэмжээнд ургамлын тос шахах 100 тн/хоног буюу жилд 30.0 мян.тн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай 1 (Майндтеч ХХК), хоногт 100 тн буюу жилд 30.0 мян.тн ургамлын тос цэвэршүүлэх 1 үйлдвэр (Монгол Алтан тос ХХК) үйл ажиллагаа явуулж байна.
Ургамлын тос шахах үйлдвэр бүхий Майндтэч ХХК нь 2012 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малын тэжээлийн үйлдвэрийг худалдан авч, хоногт 100 тн тосны ургамлын үр шахаж боловсруулах хүчин чадал бүхий ХБНГУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэрийг байгуулж, 2014 оны 10 сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар ургамлын тос шахах үйлдвэр нь 60 ажилтантай, 4 ээлжээр 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түүхий эд болох рапсын үрийг ХБНГУ-аас Rapool брэндийн 4 сортын рапсын үрийг импортлон, дотоодын тариаланчдаар тариалалт хийлгэн худалдан авч хамтран ажилладаг байна. Ургамлын тос шахах үйлдвэрийнхээ суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд 30.0 мян.тн ургамлын тос шахан хоногт 100 тн ургамлын цэвэршүүлсэн тос болон 200 тн малын уурагт тэжээл үйлдвэрлэх зорилгоор өөрийн хөрөнгө оруулалтаар 25.3 тэрбум төгрөгийн “Ургамлын тос цэвэршүүлэх үйлдвэр” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.