Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирээд байна. Гэтэл манай улсын Чөлөөт бөхийн холбоо дэлхий аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдынхаа зардал мөнгийг шийдэж чадалгүй хэдэн тамирчид нь айл амьтны хаалга үүд балбаж, мөнгө хайсаар яваа сурагтай.
Нэг тамирчинд тус тэмцээнд оролцоход 9-11 сая орчим төгрөгний зардал шаардагдаж байгаа гэх мэдээлэл байна. Гэтэл Биеийн Тамир Спортын Улсын хорооноос Чөлөөт бөхийн холбоо болон бусад холбоодууддаа, бүтэн нэг жилийн хугацаанд болох тэмцээн уралдааны хуваарийг гаргаж, санхүү мөнгө хөрөнгийг төсөвлөж өгдөг.
Тэгвэл тэр төсөвлөсөн мөнгө хаашаа орсон болоод Чөлөөт бөхийн холбоо өнөөдөр тамирчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлж оролцох ёстой тэмцээн уралдаанд нь оруулцуулж чадахгүйд хүрээд байна вэ. Энэ бол менежмент, зохион байгуулалтын маш том алдаа гэж хэлж болно.
Мэдээж дэлхийн аваргын тэмцээн аль эртнээс цаг хугацаагаа товолчихсон байдаг. Үнэхээр мөнгө цаас нь хүрэлцээгүй бол эртнээс Засгийн газар, холбогдох яам агентлагаас дэмжлэг тусламж хүсч, асуудлаа шийдүүлж болох байсан.
Гэтэл энэ сарын 15-ны өдрөөс өмнө тамирчдын зардлыг байршуулах ёстой, цаг нь тулчихаад байхад багш, тамирчид нь тэмцээний зардлаа хайгаад явж байна гэдэг утгагүй зүйл. Уг нь багш, тамирчид нь тэмцээнийхээ бэлтгэлийг базааж, сэтгэл зүйн бэлтгэлдээ анхаарч суух ёстой атал тэмцээндээ явах эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бололтой.
Монголын чөлөөт бөхийн холбоо бол спортын асуудалтай холбоодын нэг. Үргэлж тамга тэмдгээ булаацалдаж, дарга цэрэг нь сандал ширээтэй зууралдаж хэрүүл маргаан дэгдээсээр ирсэн түүхтэй. Хамгийн сүүлд гэхэд л сонгон шалгаруулалтад тэнцэн, эрхээ авсан байсан Т.Пүрэвтунгалаг охиныг багийн мэдүүлгээс хасч, оронд нь Э.Сумъяаг явуулахаар шийдвэрлэсэн нь баахан маргаан дагуулсан. Тэгвэл энэ удаад ч бас тэмцээнд оролцох тамирчдын нэрс дээр маргаан гарч "сорил явуулна, явуулахгүй" гэж маргалдсаар л байна.
Тэмцээнд явах тамирчдаа сонгон шалгаруулж чаддаггүй, багш дасгалжуулагчдаа хоёр талцуулаад хуваачихдаг, одоо бүр дэлхийн аваргад оролцох зардал мөнгөө шийдэж чадахгүй байгаа энэ холбооны удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Холбооны удирдлагуудын урагшгүй ажлаас шалтгаалж багш, тамирчид хэдэн арван жилийнхээ хөдөлмөр, хүчээ үнэгүйдүүлж болохгүй. Нөгөө талаасаа тив дэлхийн тэмцээнд медаль авахгүй байсан ч гэсэн оролцож буй нь эх орныхоо нэрийг тухайн спортоор дамжуулж дэлхийн өнцөг булан бүрт сурталчилж байдаг юм. Ялангуяа аль тамирчин нь ямар ч медалийн төлөө гарч ирээд барилдах боломжтой манай улсын хувьд ДАШТ-д баг тамирчдаа оролцуулж чадахгүй байна гэдэг товчхондоо шившиг.
Нэг үеэ бодоход тамирчдыг төр засаг, олон түмэн, байгууллага аж ахуйн нэгжүүд харьцангуй сайн дэмждэг цаг ирсэн. Дэлхийн аварга бол олимпын дараа орох томоохон тэмцээн. Гэтэл А зэрэглэлийн энэ тэмцээнд хөрөнгө мөнгөний гачигдлаас шалтгаалж баг тамирчдаа явуулж чадахгүй байна гэдэг бол сэтгэл, зүтгэл, менежмент дутсны л илрэл. Товчхондоо бол Монголын Чөлөөт бөхийн холбоо хөрөнгө мөнгөний ядуурлаас гадна удирдлага менежментийн "ядууралд" ороод удлаа. Энэ байдлаа яаралтай анхаарч засахгүй бол олимп, дэлхийн аваргаас арай л гэж ганц хүрэл медаль авах хэмжээний л нөхцөл байдал хүлээж байна.