Нийгэм, цаг үеийг байлдан дагуулж, залууст шинэ эриний зөв хандлагыг түгээж буй нэгнийг онцлох “Ubn story” булангийн ээлжит дугаарын зочноор кино урлагийн салбарт “Гэнэтийн зочид”-ын адтай, сэргэлэн Ононгийн дүрээр үзэгчдийн магтаалыг хүртэж, хайрыг татсан залуу уран бүтээлч Б.Ганжаргалыг урьж оролцууллаа. Тэрбээр 2020 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд “Гэнэтийн зочид” телевизийн олон ангит киноны Ононгийн дүр бол түүний анхны уран бүтээл, анхны гол дүр аж. Кино урлагийн салбарт өөрийн авьяас чадвараа сорихоор хүч түрэн орж ирж буй жүжигчин бүсгүйтэй олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Залуу жүжигчин Б.Ганжаргал, “Гэнэтийн зочид”-ын Ононгоор сонин сайхан ЮУ БАЙНА?
-Сайн байцгаана уу. Залуу жүжигчин Б.Ганжаргал байна. “Гэнэтийн зочид”-ийн Ононгийн хувьд маш их танилтай, бяцхан хөөрхөн фенүүдтэй болсон байна лээ. Саяхан хөдөө явчихаад ирсэн. Нэг хүүхэд аав, ээжтэйгээ цуг ирчихээд зургаа авхуулахаас нааш явахгүй гээд зогсох тохиолдолтой ч таарсан. Мөн тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг болсон байна. Тэр хэрээр олон нийтийн дунд биеэ зөв авч явах ёстой юм байна гэж бодсон. Энэ нь надад үүрэг хариуцлага болж байгаа юм. Жүжигчин мэргэжлийг сонгох гэж буй өсвөр үеийнхэн надаас зөвлөгөө авах, урмын үг сонсох гэж их холбогдож байгаа. Тэр бүрт нь чадах, мэдэх зүйлсээ зөвлөж, хэлж өгөхийг хичээдэг. “Гэнэтийн зочид”-ийн Ононгийн дүрээр өөрийг тань хайрладаг болсон хэмээн хэлж буй хүмүүсийн урмын үгэнд маш их урамшиж байгаа.
-Бага нас нь хэрхэн өнгөрсөн талаар яриагаа эхлүүлье. Ер нь жүжигчин мэргэжлийг сонгох болсон шалтгаанаа хуваалцаач. Жүжигчин гэх мэргэжил Б.Ганжаргалын хувьд хүсэж дурласан мэргэжил нь мөн байсан уу?
-Бага насаа эмээгийнхээ хажууд өнгөрүүлсэн. Би чинь эмээгийн амин хүүхэд. Багаасаа жүжигчин мэргэжлийг сонгоно гэж бодож байгаагүй ч урлагийн хүн болно гэх бодолдоо бат байсан. 12 дугаар ангиа төгсөж, бусад хүүхдүүд ЭЕШ өгөхөөр бэлдэж байхад би гэдэг хүн СУИС-д шалгалт өгнө гээд шийдчихсэн байсан. СУИС-д бэлдээд л, тэнцэж орсон доо. Дөнгөж оюутан болчихоод маш том зорилго тавиад түүнийгээ чадна гэх итгэл дүүрэн ордог шүү дээ. Гэхдээ дөрөвдүгээр курсээ төгсөх үедээ ажлын байрандаа санаа зовох асуудал төгсөж буй оюутан бүрийн өмнө тулгардаг. Жүжигчний мэргэжлээр гурван бүлгийн нийт 90 орчим хүүхэд төгслөө гэж бодоход түүнээс цөөн хэд нь л мэргэжлээрээ ажилладаг. Миний хувьд төгссөн жил бусдын л адилаар айдастай байсан.
Нэг өдөр “Гэнэтийн зочид” ОАУСК-ны дүрийн сонгон шалгаруулалт болж байгааг сонсоод оролцохоор зориглоод очсон. Сонгон шалгаруулалтад 300 гаруй хүн оролцсоноос гол дүрд шалгарч чадсандаа маш их баяртай явдаг.
-Дүрийн сонгон шалгаруулалтад өөртөө хэр итгэлтэй оролцсон бэ?
-Өөртөө итгэлгүй байсан. Сонгон шалгаруулалтад ороод гарахдаа өөрийгөө тэнцэхгүй байх даа гэж бодож гарч ирсэн. Гэтэл дараа нь Боловсрол телевизээс холбогдоод, тэнцсэнийг хэлсэн. Дүү нартаа захиж хэлэхэд нэгэнт мэргэжлийг нь эзэмшээд төгссөн бол өөртөө итгэлтэйгээр киноны дүрийн сонгон шалгаруулалтад орох хэрэгтэй.
-Ононгийн дүр бол өөрийн тань анхны уран бүтээл, анхны гол дүр. Тэгэхээр өөрийгөө киноны явцад их шахаж ажилласан болов уу?
-Ононгийн дүрийн зохиолоо анх уншаад төвөгтэй ч юм уу бэрхшээлтэй санагдаагүй. Хамгийн анхны дүр гэхэд яг өөрт минь зориулагдаад биччихсэн юм шиг л тохирч байсан. Кинонд тоглохоосоо өмнө олон кино үзэж, суралцаж, дүрээ хэрхэн яаж гаргах тал дээр ажилласан. Сурсан зүйлсээ кинондоо гаргаж чадсан гэж бодож байгаа. Хүмүүс ч Ононгийн дүрийг маань эерэгээр хүлээж авсан. Ер нь киноны явцад ярьж буй тескт бүрээ цоглог, эрч хүчтэй, өөртөө итгэлтэйгээр хэлэх тал дээр төвлөрсөн.
-Анхны дүр гэхэд өөрт зориулагдсан юм шиг гэж ярьлаа. Мэдээж дүрийн хувьд өөрийнх нь зан характер, байгаа байдалтай зохицох тал нэлээн ажиглагдсан. Гэхдээ хувь хүний өнцгөөс Ононгийн дүрээс өөр, эсрэг тэсрэг байхаар зан чанар юу байсан бэ?
-Онон бол цохьвол цохичихьё, унагаавал унагаачихъя гэх эршүүд талдаа дүр. Би бол бодит амьдрал дээр эмэгтэйлэг, даруухан талдаа хүн шүү дээ/инээв/. Зохиол дээр боксын хэсэгтэй талаар найруулагчдаа хэлэхэд “Одоо тэгээд цохиулна даа” л гэсэн. Яалтчгүй тэр хэсэг дээр сургуулилт хийж байгаад л тоглосон.
-Киногоо үзэгчийн хувиар үзсэн байх. Ямархуу сэтгэгдэл төрж байв?
-Эхний ангиудыг үзэх үед өөрийгөө харна гэж бодохоор ичээд байдаг юм билээ. Өөрийнхөө өөг их хараад байдаг юм шиг санагдсан. Гэхдээ анги бүрээ үзэх тусам жүжиглэлтээ хараад дүгнэлт хийж эхэлсэн. Давхар өөрөөсөө суралцсан.
-Ямар ч уран бүтээлд кино баг маш чухал нөлөөтэй байдаг шүү дээ. Кино урлагийн салбарт олон жил ажилласан чадвартай, туршлагатай уран бүтээлчидтэй нэг баг болж ажиллахад давуу тал их байсан болов уу?
-Дүрийн сонгон шалгаруулалтад оролцох үеэс эхлээд жүжигчин Эрдэнэзаан ах, Цэнд-Аюуш эгч, найруулагчаасаа хүртэл сүрдэж байсан. Багаасаа үзэж, харж өссөн хүмүүс миний өөдөөс харж байсан учраас сүрдэхээс аргагүй юм билээ. Гэхдээ анхны уран бүтээл минь байсан учраас киноны явцад зааж зөвлөх үедээ тусалж, загинах үедээ загинаж л дуусгасан. Нөгөө талдаа анхны уран бүтээл хэдий ч баг, хамт олны ажлаас хойш татахыг хүсээгүй. Тиймдээ ч өөртөө байгаа бүхий л хүчээ дайчлан зураг авалтын ард амжилттай гарсан.
-Гэнэтийн зочид киног үзсэн үзэгчдээс санал, шүүмжлэл хэр ирсэн бэ?
-Манай кино маш гэгээлэг. Хэрүүлийг ч хөнгөхөн байдлаар үзүүлчихдэг шүү дээ. Үзэгчдээс ирж буй энерги, магтаал, санал шүүмжлэл бүр нь гэгээлэг байсан. Өсвөр үеийн хүхэд над руу холбогдоод “Ээжээсээ уучлалт гуйж чаддаггүй байсан. Гэнэтийн зочид, таны дүрийг үзээд ээжээсээ уучлалт гуйх зориг орлоо” гэж байсан. Дөнгөж гараагаа эхэлж байгаа жүжигчин байхад тань шиг жүжигчин болно гэж хэлэх ч хүүхэд байсан шүү.
“Ямар ч үед нэг зангаараа байх шиг сайхан зүйл үгүй”
-Дэлгэцийн бүтээл тэр дундаа олон ангит кинонд тоглоход олон зүйлд суралцсан байх?
-Олон ангит кино хурд маш их шаарддаг. Хурд, хүнтэй хурдан ойлголцох, ойлгож хүлээж авах тал дээр суралцсан. Анх гэрлээ мэдрэхгүй байна гэж их ч загинуулсан даа.
-Цаашид дэлгэцийн уран бүтээлээрээ дагнах бодолтой байгаа юу?
-Би театрт хүч сорьж үзэхийг хүсдэг. Тайз бол бидний хувьд алтан сүм. Тийм болохоор нас нь болж, тухайн дүр дээр тохирох юм байна гэсэн үедээ театрт хүч сорино гэж боддог.
-Мэргэжил бүр өөрийн “хайрлах” зүйлтэй. Өөрийн тань хувьд зөвхөн жүжигчин мэргэжлээс л авч чадах онцгой мэдрэмжийг юу гэж тодорхойлох вэ?
-Мэргэжлийнхээ ачаар ямар ч цаг үед, ямар ч дүрд хувирах боломжтой. Жүжигчин мэргэжлийг эзэмшсэнээр өнөөдөр багш, маргааш эмч, тэр бүү хэл түүхэн кинонд ч тоглох боломжтой. Өөрөөр хэлбэл, цаг хугацаагаар аялачихдаг юм шиг санагддаг. Түүнээсээ маш их кайф авдаг. Түүнчлэн жүжиглэж байх явцад онцгой мэдрэмжийг зөвхөн өөртөө авч, аз жаргалыг мэдэрдэг.
-Жүжигчин мэргэжлээр суралцаж буй залуус төгсөөд цөөн хэд нь л ажлын талбар дээр мэргэжлээрээ ажилладаг. Үүнийг юунаас шалтгаалж байна гэж хардаг вэ?
-Миний мэдрэмжээр энэ асуудал нь хувь хүний аз таарна гэдэг их нөлөөлдөг юм шиг санагддаг. Мөн азаас гадна мэдрэмж басхүү авъяас гурваас шалтгаалдаг болов уу. Аз нь таараад орчихоод авьяас байхгүй бол хэцүү. Авъяастай хэр нэг л болж өгөхгүй, аз таараад орох бүтээл нь байхгүй бол бас хүндрэлтэй. Тийм болохоор аз нь таараад авъяас, мэдрэмжтэй байж чадвал сайн хоршдог байх гэж бодож байна.
-Уран бүтээлийн санал ирж байгаа юу. Дараа дараагийн ажил төлөвлөгөөнд орчихсон уу?
-Уран бүтээлийн саналууд ирж байгаа. Ирэх 10, 11 дүгээр саруудаас эхэлнэ. Хамгийн анхны дүр маань маш гэгээлэг дүр байсан учраас дараагийн уран бүтээл дээр ажилласан Ганжаргалыг үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдэг надад их сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ дүр бүрээ давтагдахгүй, гэнэтийн зочид дээр тоглож байсан охин мөн үү гэж хэлүүлэхээр хэмжээнд гаргана гэж бодож байна.
-Аль ч мэргэжилд түүнийг сонгосны хувьд бодож явдаг туйлын хүсэл бий. Харин залуу жүжигчний хувьд өөрийн карьерын явцад тоглож, өөрийгөө сорихыг хүсдэг дүр бий юу?
-Ихэнх жүжигчид түүхэн кино гэж их хэлдэг. Түүхэн кино бол яалтчгүй тухайн жүжигчнээс ур чадвар маш их шаарддаг. Миний санааны үзүүрт явдаг дүр бий. Кино эхлэхэд хүмүүс түүнийг эерэг дүр гэж харахаар, төгсгөл хэсэгт бүх зүйлийн эсрэг байх дүрд тоглохыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, дүр нь 360 градус эргэхээр дүр.
-Урлагийн амьдрал хатуу гэлцдэг. Бид жүжигчин мэргэжилтэй биш учраас түүнийг биеэр мэдэрч чадахгүй. Гэхдээ өөрийн тань хувьд суралцах хугацаандаа мэргэжлийнхээ онцлогийг зах зухаас нь мэдэрсэн байх. Жүжигчин мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-СУИС-ийн жүжигчин мэргэжлийг сонгоход аав маань огт дэмжээгүй. Сургуульдаа шалгалт өгөөд тэнцсэнийг сонсоод сурахыг зөвшөөрсөн. Манай ангийнхан мэргэжлийнхээ хичээлийг бэлдээд оройн 21 цаг хүртэл оройтох үе их. Тэр бүрт гэр бүлийнхэн маань их гайхдаг байсан. Курс ахих тусам гэрийнхэн энэ байдалд дасчихдаг юм билээ. Тэгэхээр жүжигчин мэргэжлээр суралцах гэж байгаа бол оройтох нь энгийн л нормал цаг болчихдог юм.
-Амьдралдаа авч байсан хамгийн том сургамжаасаа залуустаа ярьж болох уу?
-Нас залуу, цус шингэн байна. Гэхдээ ямар ч үед нэг зангаараа байх шиг сайхан зүйл үгүй. Хүнд унах, босох үе байна. Тэр бүрт дотоод хүнээ гээхгүйгээр, амжилтад бардахгүйгээр, уналтад сэтгэлээр унахгүйгээр яг л нэг зангаараа байх хамгийн гоё.
-Ойрын хугацаанд төлөвлөсөн ажил, тавьсан зорилгоосоо хуваалцаач?
-Удахгүй орох бүтээлдээ тоглочихоод дараагаар нь аялахыг л маш их хүсэж байгаа.
-Ярилцлагын сүүлийн хормыг өөрт тань үлдээе. Залуустаа дайх үг бий юу?
-Ярилцлагыг маань уншсан уншигч, үзэгчиддээ баярлалаа. Бодол биелэлээ олдог гэж би хэлэх их дуртай. Энэ үгэнд итгэдэг. Яагаад гэвэл би өөрөө хийхээсээ өмнө бодож, бодсон зүйлс минь бүтэмжтэй байдаг. Тиймээс залуучууд маань аливааг эерэгээр бодох хэрэгтэй. Хийх гэж буй зүйлээ бүтэхгүй гэж бодохоосоо илүү болж бүтэх талаас нь хардаг байх чухал. Залуучууд маань аливааг чадна, бүтээнэ гэсэн бодлоор эерэг байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.