Өчигдөр Төв аймгийн Жаргалант сум болон Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд газар хөдлөлт болсон. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн аж. Тэгвэл иргэдийн дунд газар хөдлөлтийн эрсдлийн нөхцөл байдал болон гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын талаар мэдээлэл дутмаг байна. Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, хурандаа газар хөдлөлтийн хэлтсийн дарга Ж.Дамдинсүрэнгээс тодрууллаа.
-Өчигдөр Баян-Өлгий болон Төв аймагт болсон газар хөдлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу. Тус газар хөдлөлтөөс үүдэн учирсан хор хохирол бий юу?
-Баян-Өлгий аймгаас ирүүлсэн мэдээллээр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохирол байхгүй гэх мэдээллийг өгсөн. Төв аймгийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт нь Улаанбаатараас гадна таван аймгийн нутгаар мэдрэгдсэн. Төв аймгийн Жаргалант сумын засаг даргатай Онцгой байдлын газрын удирдлагаар дамжуулан холбогдоход газар хөдлөлт болсон хэсгүүдэд очиж ажиллаж байна, одоогоор учирсан хохирол байхгүй гэж мэдээлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр орой болсон газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд харилцан адилгүй мэдрэгдсэн. Иргэд чичирхийлэл мэдрэгдсэний дараа гэрээсээ гарч, Онцгой байдлын байгууллага руу нэлээдгүй залгаж, мэдэгдсэн. Хөрсний хурдтгал хэмжих багажаар Богд уул, Хүрэл тогоотын сав газарт бүртгэгдсэн мэдээллээр таван магнитудын газар хөдлөлт нь гурван баллын чичирхийлэл үүсгэсэн байна.
-Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн үед дуугарах дуут дохио хэд байдаг вэ. Өчигдрийн тухайд зарлан мэдээлэх дохио яагаад дуугарсангүй вэ. Ер нь газар хөдлөлтийн хэчнээн баллд тухайн дуут дохио дуугардаг юм бэ?
-Улаанбаатар хотод 60 ширхэг зарлан мэдээллийн цамхаг байдаг. Өчигдрийн газар хөдлөлт аюулын хэмжээнд хүрээгүй учраас зарлан мэдээллийн цамхаг дуугараагүй. Тэгэхээр иргэд сандарч, тэвдэх зүйлгүй. Аюулын хэмжээнд хүрсэн тохиолдолд зарлан мэдээллийн дохиолол ажилладаг. Хүн амын ихтэй дүүргүүдэд зарлан мэдээллийн дохиолол их байдаг. Харин нийслэлийн захын дүүргүүдэд бага. Иргэдэд аль болох сайн сонсогдох хэмжээний газарт тус дохиог байршуулдаг. Цаашид улсаас дахин хөрөнгө гаргавал зарлан мэдээлэх дохиог нэмэгдүүлэх боломжтой.
-Хөдөө, орон нутгуудад зарлан мэдээллийн дуут дохио хангалттай бий юу. Ер нь орон нутгуудад газар хөдлөлтийн аюулын болон эрсдлийн үнэлгээ зэргийг хийж ажиллаж байна уу?
-Хөдөө, орон нутагт зарлан мэдээллийн цамхагуудыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Булган аймагт зарлан мэдээлэх дохиолол тавигдсан. Энэ нь маш өртөг өндөртэй байдаг. Улсын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл нь аймгийн ИТХ-ын даргаар ахлуулдаг. Тухайн зөвлөл нь орон нутгийнхаа газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээг хийж, барилга байшингийн зохион байгуулалтыг хийдэг. Түүнчлэн зарлан мэдээллийн дохиоллыг суурилуулах, төсөв хөрөнгийг шийдүүлэх зэрэг асуудлыг хариуцдаг юм.
Улаанбаатар хотын газар хөдлөлтийн үед хоргодох байрыг төлөвлөсөн. Улаанбаатар хотын хэмжээнд хэд хэдэн хоргодох байр бий.
-Он гарсаар газар хөдлөлтийн дуудлага мэдээлэл хэр их бүртгэгдсэн байна вэ?
-2021 он гарсаар 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 262 дуудлага бүртгэгдсэн. 2020 онд 64765 удаа газар хөдлөлт болсон.