Урт настай Дарханы замын ажил иргэдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хэлж яриад нэмэргүй, гуйж гувшаад ч дуусдаггүй улиг болсон асуудал гэхэд хилсдэхгүй. Дархан явах зам одоог хүртэл жолооч, зорчигчдийн үстэй толгойг "арзайлгадаг" хэвээр.
Тодруулбал, тус замыг ашиглалтад бүрэн орох хүртэл түр замыг ашиглаж байгаа боловч эвдрэл гэмтэл ихтэй, тэмдэг тэмдэглээгүй зэргээс шалтгаалан жолооч нар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол их байна. Урьд Улаанбаатараас Дархан чиглэлд засмал замаар хамгийн ихдээ 3-4 цагийг зарцуулж очдог байв. Харин хийх эзэнтэй ч хийгдсэн ажил байхгүй байсаар өдийг хүрсэн Дарханы түр усалгаатай шороон замын 110 километроор зорчиход дөрвөн цагийг зарцуулав. Замын эвдрэл гэмтэл ус шавхай бахь байдгаараа. Бороо хур орж замын эвдрэл их байх үед автомашинууд дээд тал нь 20 км цагийн хурдтай зорчих бөгөөд түр зам явахын эцэсгүй болсоны улмаас шинэ зам гарган байгальдаа халтай хандаж байгаа нь ч бидэнтэй тааралдсан юм.
Биднийг эхний өдөр зорчиход нар ээж, газар хуурай байсан бөгөөд манарсан цагаан шороон дундуур явах нь Өмнөговь аймагт тээвэр хийж яваа мэт л байв. Харин маргааш нь Улаанбааатар хот руу буцахад хур бороо ихтэй байсан учир овон товонтой дэржгэнүүр замд тээврийн хэрэгслүүд доголон нохой мэт л "өвөг пөвөг" хийн явж байлаа. Тус замаар зорчиж буй жолоочдын амнаас "Хоёр бөөр салж уналаа, Тулах болов уу, Бас ямар боолт нь уначихав даа, Элэгээ цохичихлоо, Машинаа сайхан угаалгахгүй бол энэ ч унаа биш боллоо шүү" гэх мэт үгс л урсана.
Дарханы замтай холбоотой хариулт нэхсэн өөр нэг асуудал бол зам тавих явцад эвдэрч гэмтсэн байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал. Энд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг үгүйсгэх гэсэнгүй. Харин бүтээн байгуулалт удааширснаас болж байгаль орчинд халтай олон зүйлс тэр дундаа түр замын дэргэдүүр шинэ замууд их үүссэн харагдлаа. Үүнээс үүдэн шинэ замын бүтээн байгуулалтын сүр хүчинд дарагдсан байгаль орчинд нөхөн сэргээлт хийх үү хэмээх асуудлууд хөврөн гарч байгаа юм.
Уг замыг нэг хором, нэг цаг, нэг өдрийн өмнө ч болов бүрэн ашиглалтанд оруулахгүй бол байгаль ч, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө ч сүйдэж гүйцлээ. Тийм байтал Казахстанд хүртэл замын тендер авчихаад "хөөгдөөд" ирсэн компанид 90 км замын ажлаа хурдан хугацаанд хийх боломжоо хулгайд алдсан Монголчууд өнөөдөр эзэнгүй үлдсэн 90 км зам ажлынхаа учрыг ч олоогүй сууна. Азийн хөгжлийн банкнаас шинээр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн ч гарын үсгээ зураагүй хүлээгдэж байгаа гэх мэдээлэл бий. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр нэмж тавьж буй хоёр эгнээ замын таван багц хэсгийн ажил урагштайн дээр ирэх онд ашиглалтад хүлээлгэн өгөхөө албаны эх сурвалж ярьж байна. Харин гурван жилийн өмнөөс эхтэй үндсэн хоёр эгнээ замын 130 км-ых нь хөдөлгөөнийг нээсэн хэдий ч үлдсэн хэсгийн зам ажил гүйцэтгэгч компани албан ёсоор баталгаажаагүй байгаа учраас "замхрах" янзандаа ороод эхэллээ. Удахгүй өвөл болж замын ажил зогсох нь. Эцэст нь хэлэхэд тэвч, итгэ, хүлээ, тэгээд л бид замтай болох биз...