"Засгийн газрын тэргүүнүүд ба Эдийн засгийн аюулгүй байдал" хэмээх нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт ТВ9 телевизээр олон нийтэд хүрлээ. Үзэгчийн өнцгөөс харахад өнгө будаг хосолсон, үеийн Ерөнхий сайдууд оролцсон сайхан тавилттай нэвтрүүлэг. Гэхдээ улс төрийн зорилго болон ач холбогдлыг нь эргэцүүлээд үзэхэд арай өөр мессежийг улстөрчид болон хөрөнгө оруулагчид, гадна дотныхонд өгөхийг тэд хүсчээ. Тэд гэдэг нь одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд. Ингээд уг нэвтрүүлгийн талаарх зарим сонирхолтой өнцгүүдийг дор сийрүүлэн үлдээе.
ЕРӨНХИЙ САЙДУУДЫН "ОЙЛГОЛЦОЛД" С.БАЯР ЯАГААД БАГТСАНГҮЙ ВЭ
Эдийн засгийн аюулгүй байдал болон Монгол Улсын гадаад бодлогын талаар өгүүлсэн уг нэвтрүүлэгт Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, М.Энхболд, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат гээд 1990 оноос хойшхи бараг бүх Ерөнхий сайдууд оролцов. Тэд бүгд эдийн засгийн аюулгүй байдал, газрын баялаг болон хөрөнгө оруулагчидтай хэрхэн хамтарч ажиллах ёстой гэдгийг, мөн төрийн залгамж халаа, эв нэгдлийн тухай тун ч нэгдмэл байр суурь илэрхийллээ. Гэвч 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойшхи Ерөнхий сайдууд дунд Санжийн Баяр, М.Энхсайхан нар байсангүй. М.Энхсайханы хувьд "асуудалд" орсон хэдээсээ нэлээд хожуу аавынхаас мултарсан. Тиймээс иймэрхүү нэвтрүүлэгт орох янз бүрийн шалтаг түүнд байхыг үгүйсгэхгүй. Харин С.Баярын хувьд эдийн засгийн аюулгүй байдал нэрийн дор "Оюутолгой"-г Ерөнхий сайдууд ярьж байхад заавал зогсож байх ёстой толгой мөн. Нэвтрүүлэгт зочноор уригдсан уу, эсвэл мань эр өөрөө оролцохоос татгалзсан уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ бараг шууд утгаараа Оюутолгойн ордтой холбоотой хөрөнгө оруулагчдад маш тодорхой байр суурь илэрхийлсэн уг нэвтрүүлэгт зайлшгүй оролцож, үгээ хэлэх ёстой хүн нь С.Баяр. Дэлхийн хэмжээний мега төслийг эрсдэл үүрч, зоригтойгоор "хөдөлгөж" чадсан хүн бол С.Баяр. Бас нэг Ерөнхий сайд оролцоогүй нь У.Хүрэлсүх. Түүний хувьд өдгөө Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа тул иймэрхүү улс төрийн байр суурь, үзэл санаа түгээсэн нэвтрүүлэгт оролцоод байх нь зохимжгүй. Тиймээс оролцоогүй байх.
Ч.САЙХАНБИЛЭГ ТӨР ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХЫГ САНУУЛЖ, Ц.ЭЛБЭГДОРЖ, Н.ЭНХБАЯР НАР "СӨРГӨЛДӨВ"
Ерөнхий сайдуудын нэвтрүүлгийн бас нэг сонирхолтой зочин нь Ч.Сайханбилэг байв. Оюутолгойн асуудлаар хамгийн сүүлд томоохон шийдвэр гаргаж, түүндээ буруутгагдаж яваа тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "дэглэсэн" уг нэвтрүүлэгт оролцож, бас л нэгдмэл байр суурь илэрхийлж сууна. Энэ нь өнгөрсөн сарын эхээр гарч байсан түүнийг "Эрх баригчидтай тохиролцоонд хүрсэн. Одоо зөвхөн "баталгаа" хүсч буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар түүнд "баталгаа" л өгвөл хэзээ мөдгүй Монголдоо ирэх нь" гэдэг эх сурвалжийн үгийг батлах мэт. Уг мэдээллийг энд дарж уншина уу. Магадгүй тэрбээр уг нэвтрүүлгийн араас тун удахгүй эх орондоо ирэх "виз" нь дарагдаж байж ч мэдэх л юм.
Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлгүй явахдаа засаг төрийг нь хүртэл эргүүлж, улмаар сандал ширээнээсээ хүртэл "түлхүүлэн" бууж байсан М.Энхболд одоогийн Засгийн газрын бодлогыг дэмжиж, төр тогтвортой байх талаар ярьлаа. Улс төрийн хүрээнийхэн ямар нэг байдлаар Л.Оюун-Эрдэнийн засагт хий гарах л юм бол М.Энхболд хуучны "өшөө авна" хэмээн өнөөдрийг хүртэл тааварлаж, зарим нэг нь хүлээдэг. Гэнэтийн бөгөөд сонин зочид үүгээр дуусахгүй. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа одоогийн МАН-ын удирдлагуудад засаг төрөө "самруулж" байсан Ж.Эрдэнэбат, "МАНАН" бүлэглэл хэмээн чичлүүлж ирсэн Ц.Элбэгдорж хүртэл тэдний дунд сууж, төрийн залгамж халаа, гадаад дотоод бодлогыг ярьлаа. Ингэхдээ мэдээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн өнгө аястайгаар шүү.
Бас нэг сонин зүйл нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хуучны асуудалтай хоёр маань Оюутолгойн асуудлаар зөрүүтэй санал илэрхийлж нэвтрүүлгийг бүр сонирхолтой болгов. Ц.Элбэгдорж "Оюутолгойн асуудлыг засч сайжруулаад явах ёстой. Зогсоох гэдэг бол хамгийн муу хувилбар байх л гэж бодож байна" гэсэнд хариу болгож,, Н.Энхбаяр "Оюутолгойн орд бол яагаад ч зогсохгүй шдээ. Нэгэнт ингээд ажиллаад эхэлчихсэн орд учраас хэн ч үүнийг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл зэс гэдэг чинь хүнд хэрэгтэй бөгөөд өндөр үнэтэй байна" хэмээн бяцхан цэц булаалдаад амжсан нь ажиглагдав.
Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баярын Засгийн газрын халааг авсан Сү.Батболд "Оюутолгойн гэрээнд үнэхээр дутуу зүйл байх юм бол засч, сайжруулах ёстой. Шаардлагатай бол бүр өөрчлөх шаардлагатай байгаа юм" гэжээ. Уг үг энэ нэвтрүүлгийн хамгийн гол гогцоо байхыг ч үгүйсгэхгүй. Бид яг одоо л Оюутолгойн асуудлыг өөртөө ашигтай шийд гаргуулахад бэлэн болоод байна шүү дээ.
ЕРӨНХИЙ САЙДУУД, УЛС ТӨРИЙН БҮЛЭГ ФРАКЦУУД ОЮУТОЛГОЙН АСУУДЛААР НЭГДМЭЛ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЖ, ТӨР ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХААР "ОЙЛГОЛЦСОН" БОЛОЛТОЙ
Уг нэвтрүүлэгт оролцсон үе үеийн Ерөнхий сайдууд дунд эсрэг намын, эсвэл нэг нам атлаа бие биенийхээ Засгийн газрыг унагасан. Мөн улс төрийн бодлогын хувьд үзэл санаа, бүлэг фракцийн хувьд ч таарахгүй хүмүүс маш олон байгаа. Нэн ялангуяа 1996 оноос хойших Ерөнхий сайдууд төдийлөн ойлголцол арвинтай байдаггүй нь үнэн. Тиймээс нэг зүйлийн талаар, бүр нарийвчилвал Монгол төрийн гадаад бодлого болон уул уурхайн хөрөнгө оруулагчидтай харилцах бодлогын асуудлаар хэзээ ч ингэж нэгдэж бас ойлголцож байсангүй. Энэ хэдийг бөөгнөрч суучихаад ганцхан Оюутолгойн асуудлаар ойлголцсон гэвэл туйлын өнцөг дүгнэлт байх болов уу. Энд байгаа Ерөнхий сайд бүрийн ард улс төрийн бүлэг, фракц, улс төрийн нам, улстөрчдийн эрх ашиг явдаг юм. Тиймээс нүүрэнд харагдаж байгаа энэ "тоглогчдоос" гадна далд ажиллаж байдаг улс төрийн хүчнүүд Оюутолгойн асуудлаар нэг "цонхоор" асуудлыг харж байгаа юм байна гэж ойлгох нь зүйтэй.
Ер нь өнгөрсөн хугацаанд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг явж ирсэн улс төрийн лидерүүд Оюутолгой тэргүүтэй том асуудлаар маш хэрэгтэй цаг үедээ нэгдмэл байр суурь дээр иржээ. Энэ нь Оюутолгойн асуудлаар манайд ашигтай "баримт" гарч ирж, хөрөнгө оруулагч Рио Тинто манайд "тал" засч буй цаг үе маш зөв бөгөөд бодлогын шинжтэй улс төрийн "нүүдэл" гэж дүгнэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй цагт хэрэгтэй үедээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талуудыг ойлголцуулж чаджээ.
Оюутолгойгоор дамжуулан дотоодын улстөрчдөд өгч буй өөр нэг чухал мессеж нь Л.Оюун-Эрдэнийн засаг, төр тогтвортой ажиллах бөгөөд эрслэн босч мэдэх талууд бүгд түүнтэй ойлголцсон байгаа дүр зураг харагдаж байна. М.Энхболд, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат зэрэг нам дотроосоо түүний эсрэг хөдөлж магадгүй гэж байсан улс төрийн томоохон бүлэг, фракцуудын төлөөллүүд түүнтэй "ам" нийлж, нэгдмэл зам дээр гарчихсан байна. Ардчилсан намаас асуудал тарих магадлалтай Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг зэрэг нөлөө бүхий нөхдүүд бас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Оюутолгой, гадаад бодлогын чиглэлд ажиллаж байгаа зүйлсийг дэмжиж байна.
Өөрөөр хэлбэл, Оюутолгойн асуудал буюу хөрөнгө оруулагчидтай хийх нэмэлт хэлэлцээр, гэрээний зүйл заалтуудыг ашигтай эргүүлэх боломжийг үүсгэж чадсан. Одоо тэрхүү ажил эд дундаа орж буй гэдэг ганцхан том хөшүүргээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг "талууд" унагахгүй бололтой. Учир нь дээхэн үед Эрдэнэтийн асуудал босоход л Засгийн газрыг унагачихдаг, сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгойн асуудал хөндөгдөхөд л засаг уначихдаг тогтворгүй байдал үүсээд байсан билээ.
Товчхондоо бол "Энэ Засгийн газар уначихгүй юм байх даа, Уначихвал гуравдугаар ээлжийн дүрээр "хоолонд" орчих юмсан" хэмээн загтнаж буй нөхдүүд байвал тэр бодлоо ойрын нэг жилдээ таягдан хая. Өнгөрсөн өдрүүдэд болсон улс төрийн үйл явцыг ямар ч гадны нөлөөгүйгээр багцаар нь дүгнэж харвал яг энэ өдрүүдэд их ойлголцол газар сайгүй өрнөж байна.
Г.Лхагвадорж