Нийслэлийн хэмжээнд 25 цэцэрлэг 60 бүлэгт ээлжийн багш ажиллуулан цагийн хуваарийг уртасгасан. Эцэг эхчүүд түгжрэлээс сэргийлэн хүүхдээ 07.00 цагт цэцэрлэгт нь хүргэж өгөх боломжтой. Мөн оройн 17.00 цагаас хойш ажил нь тардаг эцэг эхчүүд 20.00 цагаас өмнө хүүхдээ цэцэрлэгээс нь авах боломжтой болж байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан дээрх шийдвэрийн дагуу ээлжийн багш ажиллуулан уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж буй Нийслэлийн 37 дугаар цэцэрлэгийн өглөөний нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Сурвалжлах баг 07.00 цагт 37 дугаар цэцэрлэг дээр ирэхэд цэцэрлэгийн үүд нээлттэй ч эхний хүүхэд ирээгүй байлаа. Хүүхдүүд ирэх хооронд Сүхбаатар дүүргийн 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Өглөөний мэнд хүргэе. Нийслэлийн 37 дугаар цэцэрлэг ээлжийн багш ажиллуулж буй 25 цэцэрлэгийн нэг. Цэцэрлэг ямар цагийн хуваариар ажиллаж байгаа вэ?
-Манай цэцэрлэг Боловсрол, шинжлэх ухааны яамны шийдвэрээр өглөө 07.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл тасралтгүй 13 цаг үйл ажиллагаа явуулж байна. Гурван бэлтгэл бүлгийн 40 гаруй хүүхэд хамрагдсан байна. Үндсэн бүлгийн багш өглөөний 07.00 цагаас 15.00 цаг хүртгэл ажиллана. Ээлжийн багш 15.00 цагаас 20.00 цаг хүртэл ажиллаж байна.
-Яг одоо өглөөний 07.40 цаг болж байна. Эхний хүүхэд ирээгүй байна. Энэ талаар эцэг эхчүүд мэдээлэл дутмаг байна уу?
-Хоёр жил гэртээ байсан хүүхдүүд гэнэт өглөөний 07.00 цагаас босоод цэцэрлэгтээ ирэх нь одоогийн байдлаар хүндрэлтэй байгаа байх. Дасах хугацаа хэрэгтэй. Ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа эцэг эхчүүд, хүүхдүүд дасах байх. Цагийн хуваарийн мэдээллийг бүх эцэг, эхчүүдэд өгсөн байгаа. Өчигдрийн хувьд хамгийн сүүлийн хүүхдийг 18.30 цагаас тарсан.
-Цэцэрлэг хэдийгээр 07.00 цагаас 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа ч эцэг эхчүүд хүүхдээ өглөөнөөс орой хүртэл цэцэрлэг дээр нь өнжүүлж болохгүй байх?
-Заавал 07.00 цагаас хүүхдээ авч ирээд орой 20.00 цагаас ирж авна гэсэн утга биш. Хүүхэд цэцэрлэг дээрээ 8-10 цаг байна. 07.00 цагт ирсэн хүүхэд үдээс хойш 16.00 цагт тарна. Үнэхээр хол ажилтай, ажил нь орой тардаг хүмүүс хүүхдээ 08.00-09.00 цагийн хооронд хүргэж ирээд орой 18.00-20.00 цагийн хооронд авах боломжтой.
-Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байна вэ?
-Халдвар хамгааллын дэглэмийн бүхий л дүрэм журмыг дагаж мөрдөж байна. Цэцэрлэг дотор эцэг эхчүүдийг оруулахгүй. Багш нар үүдний өрөөнд хүүхдүүдээ хүлээж аваад цаашаа орж байгаа. Хүүхдүүд амны хаалт зүүх, гараа ариутгах, зай барих зэрэг дэглэмүүдийг баримталж байгаа. Хоёр цаг тутамд тоглоом болон хатуу эдлэлүүдийг ариутгах зэргээр халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байна.
-Тогооч нарын хувьд ямар хуваариар ажиллаж байгаа вэ?
-Тогооч нараа цагийн хуваарийн дагуу ээлжинд оруулсан. 07.00 цагт ирсэн тогооч өглөөний цай, хоолоо бэлтгээд өдөр тарна. 10.00 цагаас ирсэн тогооч 18.00 цаг хүртэл ажиллаад 18.00 цагаас эцэг, эх нь ирээгүй хүүхдүүдэд шингэн шөл хийж өгөөд тарна.
Эхний хүүхэд 07.40 цагт ирэхэд цэцэрлэгийн багш, ажилчид угтан авч хүргэж өгсөн аав нь үүднээс буцлаа. Эцэг эхийн төлөөллөөс уртасгасан цагаар ажиллаж буй цэцэрлэгийн талаар тодруулахад, "Өглөө хүүхэд эрт босоход хүндрэлтэй учраас 08.30-09.00 цагийн хооронд хүүхдээ хүргэж өгнө. Өнөөдөр яаралтай ажил гарсан учир эрт ирлээ. Харин орой 18.00 цагт ажил тараад өөрөө ирээд авахад амар юм. Ээлжийн багш ажиллуулж байгаа нь зөв шийдэл гэж бодож байна" гэв.
Цэцэрлэгийн цагийн хуваарь уртассан ч 07.00 цагтай уралдан хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд оройны 20.00 цаг хүртэл "мартах"-ын нэр биш юм.
Ээлжийн багш ажиллуулах нь нөгөө талаас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулахыг холбогдох яамнаас мэдээлж буй. Уртасгасан цагийн хуваариар ажиллаж буй 25 цэцэрлэгийн үйл ажиллагаа эерэг үр дүнгээ үзүүлбэл бусад цэцэрлэгүүдийг ч мөн дээрх хуваарийн дагуу ажиллуулах боломжтой юм.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан