БШУ-ны сайдын баталсан түр журмын дагуу 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг мэдээлсэн. Ингэхдээ тус түр журмаар сургалтын төлбөрийг хэсэгчилж авах, ямар нэгэн байдлаар хичээл сонголтоор барьцаалж төлбөрийг авахгүй байхыг чиглэл болгосон. Энэ журмыг зөрчиж байгаа өмчийн ямар ч хэлбэрийн сургуульд хатуу хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд нь мэдэгдээд байна. Тэгвэл төрийн өмчийн их, дээд сургуулиуд энэ тал дээр ямар зохицуулалт хийж байгаа талаар байр суурийг хүргэе.
"Шинээр элсч байгаа оюутнууд 2 кредитийн төлбөр төлж баталгаажуулаад, хичээл сонголтоо хийнэ"
ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал: ШУТИС дундаж нэг кредитийн үнэлгээ 82 мянган төгрөг байгаа. Энэ жилийн хувьд нэгдүгээр курсийн оюутнуудын сургалтын төлбөр болон бусад курсийн төлбөр угаасаа нэмэгдээгүй. Бид нар нэг ч гэсэн элсэгч, нэг ч оюутантай эелдэг байя гэсэн чиглэлээр ялангуяа бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захиралуудад үүрэг даалгавар өгдөг. Аль болох уян хатан хандах асуудал байгаа. Шинээр элсч байгаа оюутнууд 2 кредитийн төлбөр төлөөд баталгаажуулаад хичээл сонголтоо хийгээд явна.
"Өнгөрсөн жилүүдийн сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй хоёр мянга гаруй оюутан байна"
МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуу: Өнгөрсөн жилүүдийн сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй хоёр мянга гаруй оюутан байна. Эдгээр оюутнуудтай ярилцаад энэ хичээлийн жилээс өмнө төлбөрийг нь төлүүлэхгүйгээр хичээл сонгох, баталгаажуулах боломжоор хангаж өгч байгаа. Энэ хичээлийн жилд буцалтгүй тусламж, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хэрвээ төлбөрөө төлөх боломжгүй бол тухайн оюутнуудаас ямар нэгэн төлбөр урьдчилан авахгүйгээр хичээлээ сонгох, баталгаажуулах боломжоор хангаад явж байна. Бусад оюутнуудын хувьд 50 хувийн төлбөрөө эхэлж төлөөд баталгаажуулаад явна.
"Төлбөрийн 50 хувиа төлж, хичээл сургалтынхаа үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг олгож байгаа"
МУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Х.Тамир: МУБИС 2.3 саяас 2.6 сая төгрөгийн үндсэн суурь төлбөртэй. Энэ бол хичээлийн хувилбараасаа хамаарсан өртөг. Бодис ашигладаг, лабораторид ордог хичээлийн кредит жаахан өндөр 94 мянган төгрөг байдаг. Лекц, семинарын хичээлүүд 74 мянган төгрөг. Практик дадлагатай хичээл 86 мянган төгрөг гэсэн шатлалтай. Сонголтоосоо хамаарч төлөгддөг гэсэн үг. Энэ хичээлийн жилд нөхцөл байдалтай уялдуулан төлбөрийн 50 хувиа төлж, хичээл сургалтынхаа үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг олгож байгаа.
"Хичээл сонголт болон бусад зүйл дээр сургалтын төлбөрөөр барьцаалах асуудал огтхон ч гарахгүй"
АШУИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар: Ковид цар тахлын нөхцөл байдал болон БШУЯ-наас барьж байгаа чиглэлийн дагуу бид нар оюутнууддаа сургалтын төлбөр төлөх боломжийг уян хатан явуулж байна. Сургалтын төлбөрийн 50 хувийг аваад хичээлд суулгаж байна. Шинэ оюутан 100 хувь төлж байж л ордог байсан. Энэ жилийн хувьд үнэхээр боломжгүй бол 50 хувиа төлөөд, оюутан болсныг батламжлаад сургалтад суулгая гэж байгаа. Хичээл сонголт болон бусад зүйл дээр сургалтын төлбөрөөр барьцаалах асуудал огтхон ч гарахгүй.
"Оюутан өөрийнхөө гаргасан графикийн дагуу төлөлт хийгээгүй, төлбөрийн авлага их хуримтлагдсан"
СУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Б.Одсүрэн: Оюутны хичээл сонголтын журмаараа бол тухайн улиралд сонгосон кредитийнхээ төлбөрийг тухайн улиралд нь хичээл эхлэхээс өмнө төлөх ёстой байдаг. Гэвч сүүлийн хоёр жилд цар тахал гарсантай холбоотойгоор оюутны өөрийнх нь нөхцөл бололцоонд тохирсон гэрээ хэлэцээр хийж ирсэн. Оюутнууд өөрсдийнхөө төлбөр төлөх боломжтой хугацааг графикаар гаргаад, сургуулийн захиралтай гэрээ байгуулаад явж байгаа. Зарим тохиолдолд оюутан өөрийнхөө гаргасан графикийн дагуу төлөлт хийгээгүй, төлбөрийн авлага маш ихээр хуримтлагдсан.
"Сүүлийн гурван жил ХААИС-ийн сургалтын төлбөр нэмэгдээгүй"
ХААИС-ийн захирал Т.Хэрүүга: Сүүлийн гурван жил ХААИС-ийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн мөрдөж байсан тарифаас зөрүү гаргахгүйгээр сургалтын төлбөрийг тооцоод явна. Аль болох оюутнуудад санхүүгийн дарамт учруулахгүйгээр хувааж төлөх боломж олгож байгаа. Эхний семестрийн төлбөрийг 50 хувь төлөх боломжтой. ХААИС-ийн хувьд дөрвөн улиралтай. Улирал болгондоо төлбөрөө дөрөв хуваагаад төлөөд явсан ч болно.