Коронавируст халдварын гурав дахь давлагаа есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эрсдэл бий гэдгийг холбогдох албаныхан мэдээлсээр буй. Иймээс ч цар тахалтай тэмцэж буй хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчдад нэмэлт буюу дархлаа сэргээх тунг хийж эхэлсэн. Харин өнөөдрөөс нийслэлд 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэдийг гуравдугаар тунд хамруулж эхэллээ. Тэгвэл дархлаажуулалтын цэгүүдээр III тунгийн хамрагдалт, иргэдийн идэвх хэр байгааг сурвалжиллаа.
Гуравдугаар тунгийн вакцинжуулалт эхэлснээр цэгүүдийн ачаалал эрс нэмэгджээ
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв байранд гуравдугаар тунгийн дархлаажуулалт эхэлж, энгийн үетэй харьцуулахад ачаалал их байгааг иргэд хэлж байлаа. Эмнэлгийн коридорын буланд байрлах дархлаажуулалтын өрөөний хаалгын үүдийг 50-аас дээш насны болтой иргэд сахин сууж байв. Гэхдээ дархлаажуулалтын талаар мэдээлэл дутмаг байгаа иргэд өөрийн биеэр ирж лавлаж байна. Гэвч тус цэгт мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм, басхүү зохион байгуулалт сул байв. Тодруулбал, ээлжээ хүлээн суух иргэд хүн хоорондын зай баримтлахгүй байх дүр зургаас гадна мэдээллээ бүртгүүлэх өрөө тодорхойгүй байх асуудал ч харагдаж байлаа.
Ийнхүү бид Чингэлтэй дүүргийн Спорт хорооны байранд ажиллаж буй дархлаажуулалтын цэгт "саатав". Тус цэгт гуравдугаар тунгаас гадна бусад тунд хамрагдахаар ирсэн иргэд их байлаа. Спорт заалны гадна талд иргэд оочероо хүлээн зогсох бөгөөд дотогш нэвтэрсний дараа эмчийн үзлэг, бүртгэл гэх дамжлагаар вакцинаа хийлгэх өрөө лүү орж байв. Иргэд тус цэгт зохион байгуулалт сайн байгаа болохыг онцолж байсан юм.
"55-аас дээш насны иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байна"
Вакцины хамрагдалтын идэвхийн талаар тус дархлаажуулалтын цэгийн бүртгэгч Б.Лхагвадуламаас тодруулахад "Өнгөрсөн 7 хоногоос хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчдад бүүстер тунг хийж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн 55-аас дээш насны болон боловсролын байгууллагын ажилчид дархлаа сэргээх тунд хамрагдаж эхэллээ. Одоогийн байдлаар 100 гаруй хүн бүүстер тунгаа хийлгээд байна. 55-аас дээш насны иргэдийн идэвх маш сайн байна. Өглөөнөөс хойш ачаалал нэмэгдсэн тул ямар ч завсарлагагүйгээр дархлаажуулалтын цэг маань ажиллаж байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төв болон хэсгийн ахлагч нарын зүгээс хаана очиж нэмэлт тунгаа хийлгэх талаар мэдээллийг нь өгч байгаа. Хэрвээ мэдээлэл дутмаг иргэд орж ирвэл манай вакцинаторууд мөрдөх, анхаарах ёстой зүйлсийг нь зөвлөгөө болгон өгч байна. Үзлэг, бүртгэл, вакцинатор гээд нийт 7 эмч, ажилтын бүрэлдэхүүн өнөөдөр ажиллаж байна. Ер нь нэмэлт тунгийн хамрагдалтын идэвх эрс нэмэгдэх хандлагатай байна" гэсэн юм.