Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Махны үнэ үндэслэлгүйгээр нэмсэн “Номин Тав Трейд“ ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн үеэр  ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "ШӨХТГ-аас улсын байцаагчдыг ажлын хуваарьт оруулан өдөр болгон зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг хийлгэж байна. Хяналт шалгалтаар гарсан асуудлууд дээр дүгнэлт хийж, холбогдох байгууллагуудад анхааруулга, зөвлөмжийг өгч ажиллаж байна" гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд ШӨХТГ-аас ажлын хэсэг гарч гуравдугаар сарын 12-16 хооронд махны үнэ нэмсэн асуудлаар  “Номин Тав Трейд” ХХК-д хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар "Номин Тав Трейд" ХХК гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хонины ястай махыг 1кг тутамд 1000-1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна.  Тухайлбал үхрийн цул махыг 1 кг нь 14499 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон байна.
Иймд улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь тус компанид зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

"Надад хамаагүй" уран бүтээлийн нэг үзэлтийг 3 төгрөгөөр үнэлж, УОК-т хандив өргөлөө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.