ЭМЯ-наас хэвлэлийн шуурхай хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цогтбаатар “Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэний лабораторийн шинжилгээний хариу гарч, шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдлаа. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Халдвар илэрсэн иргэдийн хавьтлуудыг нарийвчлан судалж байна. Бид коронавирусийн халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч байгаа нь эрсдэл байгаа гэж тооцоолж байсны дагуу холбогдох бэлтгэлийг хангаж байсан. Франц улсаас ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Герман улсаас ирсэн ойрын хавьтлын 9 иргэнийг тусгаарлаад байна” гэв.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий нийтээр 160 гаруй оронд тархаад буй халдвар манай улсад нь гарах нь цаг хугацааны асуудал байсан. Холбогдох байгууллагуудаас эрсдлийг тооцоолж байсан хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу эх оронд нь авчрах шаардлагатай архаг хууч өвчтэй, жирэмсэн, бага насны хүүхдүүд, өндөр настнууд зэрэг иргэдийг гадаад орноос тусгай үүргийн онгоцоор авчирсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд айж сандарч дархлаагаа унагаах шаардлагагүй” хэмээв.