Алтан шаргал нар эгц дээрээс төөнөж, Улаанбаатар хотын хаа нэгтээ үүлэн сүүдэр ташаарсан энэ өдөр, нийслэлийн Долоон буудлаас Дэнжийн 1000 хүртэлх иргэдийн аж байдлыг сурвалжиллаа.
Хааш яайш босгосон модон хашаанууд олон жилийн турш наранд гандсанаар үнсэн хөх өнгөтэй болж, уруугаа гудайсан гэр хорооллын хашааг эмгэд хөгшид налан сууж, гөлөмцүүхэн эрс хашааны сүүдэр бараадан нойрсож буй дүр зураг ажиглаглагдаж байлаа. Хашаа налан суух настнуудын гал нь буусан хоёр нүднээс нэг л гунигийн мэдрэмж сэтгэл рүү минь урсан орж, тэнгэрт дэвшсэн өвөөг минь санагдуулсан төдийгүй Д.Намдаг зохиолчийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэг бодолд минь буусан юм. Магадгүй тэд үрэгдсэнээ биш, алсад одож буй алдаа оноогоо дэнсэлж суугаа нь л энэ биз ээ. Харин гөлөмцүү нойрсогч эрсийн дүр зургийг дараагийн хэсэгт өгүүлье. Магадгүй түүнийг бичихгүй үлдээсэн ч уншигч олон аль хэдийн сэтгэлдээ зураглан буулгасан биз ээ
Төд удалгүй бид удаах дүр зурагтай таарсан юм. Үлгэр дээр гардаг мангас амаа том ангайн бяцхан жаалыг залгих гэж буй мэт тийм л дүр зураг ой тойнд минь олон шөнө өнжих байх гэж бодсон шүү. Энэ нь баригдаж эхлээд удаагүй болов уу гэмээр саарал барилгын наахантай хоёр "чөргөр" жаал ямар нэгэн зүйлийг ярилцан суух бөгөөд тэдний нэг нь цээж нүцгэн суух аж. Тэдний хашаанд эд хогшил гэхээр элдэв бусын эд зүйлс үгүй, харин угаасан хувцсаа хэц татан тохсон байв.
Тэр айлаас хоёрхон гудмыг өнгөрөхөд л 8, 9 орчим насны хоёр жаал электрон тамхи татан байгаатай тааралдлаа. Бид мэдээж насанд хүрсэн учраас ирээдүй хойч үеэ хайрлан, шаардлага тавин ойлгуулах нь зүйтэй. Гэтэл хоёр жаал “Ах аа танд хамаагүй “ гэж хэлчихээд зугтаачихсан юм. Бид тэднийг яагаад ийм зүйл хийж байгаа шалтгааныг л олж тогтоож эмчлэх нь зүйтэй билээ. Зурвасхан хугацаанд харц тулгарсан хоёр жаалын нэгнийх нь нүднээс асар их өшөө хорсол, гомдол ажиглагдсан бол, нөгөөдөх нь уруу татагдсан болов уу гэмээр хүлцэнгүй ноомой харцтай байлаа. Өдий насны хүүхдүүдийг тамхиар сэтгэлээ аргацааж зогсох хэмжээний байлгаж байна гэдэгт чи ч, би ч буруутай. Хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг зүйл энэ хэсэгт “Лөөлөө” болсон гэж хэлж болно. Хөрс нь тартагтаа тулсан шороон дээр хүүхдүүд пивороор хийсэн машинаар тоглож, автомашины зам аравхан алхмын зайтай зөрж байх нь ч харагдлаа.
Ингээд бидний дараагийн очсон газар бол Долоон буудал байлаа. Нохойн хоол гэгдэх “бараанк”-ны хиам, элэг цөс цувдай, хэрзийтэл шулсан яс зарж зогсооо иргэд, ногоочид таксичид, комиссын гутал хувцасны наймаа эрхлэгчид, автобус хүлээн зогсох түмэн олон гээд хөл зайгүй хөлхөх эл гэзрыг “Жижиг Нарантуул гэж нэрийдэж болохоор байлаа. Нохойн хоолны нэг хэрзийтэл шулсан яс түрүүхэн таарсан хүүхдийн хавиргатай жигтэйхэн адилхан харагдсаныг бичихгүй үүлдээж чадсангүй.
Ингээд бид нохойн хоол зардаг Ц.Баасансүрэн хэмээх эмэгтэйтэй уулзаж зарим зүйлсийг тодруулахад, “Жинлэж тавьсан мах нэг нь 1500-2000 төгрөгөөр худалдаалагддаг. Ойр хавийн иргэд хашааныхаа нохойд өгөх гэж авдаг. Мөн сүүлийн үед хоногийн хоолгүй иргэд худалдаж авдаг юм. Нэг ясыг хэд хэдэн удаа усанд буцалгаад шөл гаргаж авдаг гэсэн шүү” хэмээлээ.
Иргэдийн амьдрал эргээд л туйлдаа хүрч буй нь энэ юм болов уу гэсэн бодлыг зайлуулж орхих гэсэн хэдий ч бас л болж өгсөнгүй дараагийн газар минь нөгөө л “мах”-аараа алдартай Дэнжийн 1000-аар орлоо. Нэр хаягийг нь хэлэх боломжгүй нэгэн дэлгүүрээр ороход тус дэлгүүрийн өрийн дэвтэр “норвын намтар” гэдэг шиг л урагдаж салбайсан, балласан, сохолон дэвтрийн оромдог төдий байсан юм. Дэлгүүрийн эзэн дэвтрээ 14 гаруй хоногийн өмнө нээсэн бөгөөд “Одоо бараг л дүүрж байна. Манай энэ хавийхан дандаа л хүнсний зүйл зээлээр авч байна. Зээлсээр байгаад дэлгүүр минь дампуурах нь байна шүү дээ, Иргэдийн худалдан авалт өдрөөс өдөрт л муудаад байх юм. Зарим худалдан авагчид махыг 20-30 граммаар авч, талхыг хэрчмээр нь ширхэглэж авах нь холгүй болж байна. Манай эндхийн архи уудаг 30 гаран насны хэдээс одоо бараг ганц л амьд үлдээд бусад нь нас барчихсан. Архи уугаад манай гудмаар амьдардаг иргэд улам л залуужих хандлагатай байна шүү. Энэ төр засаг ер нь юу боддог юм бол доо” гэх сонсоход бэрх үгсийг л ярьж зогслоо.
Харц нь хоол эрэн тэмтчиж, ходоод нь хонхолзсондоо төөнөтөл халуу дүүгэх, тэр мэдрэмжийг мэдэрнэ гэдэг сэтгэл алдаж зүрх шимширсэн зүйл. Гэтэл энэ зүйлийг аль ч газрын иргэд ясаа янгинатал, шүдээ эмтэртэл зууж тэвчиж байна. Нохойн хоол хэмээн адлагдах ялаа шавуулсан гэдэс цувдайгаар өл залгуулдаг иргэд өдрөөс өдөрт нэмэгдсээр байх гэж үү. Магадгүй энэ зүйл, хавтгайрсан халамж, ард түмний боловсрол, нийгмийн сэтгэл зүй гэх мэт олон зүйл доголдож буйн илрэл юм.
Хөхүүрийн ам цаашилж, Хүйтний ам наашилж байхад иргэд инхүү аж төрж байна.
Гудамжаар хоол эрэн “пөг пөг “шогшуулах гуринхатсан халтар нохой л магадгүй тэдний зовлонг ойлгож болохоор байлаа. Эцэс сүүлд нь хэлэхэд Монголын төр засаг "савнаасаа" хальж сэтгэхгүй бол иргэдийн амьдрал тэнгэр газар шиг зөрчилдсөөр л байна.
Х.Умаахан