Элсэлтийн Ерөнхий шалгалттай холбоотойгоор хийсэн мэдээллийн үеэр их сургуулиудын элсэлт, бүртгэлийн талаар Их дээд, сургуулиудын консорциумын зүгээс дараах мэдээллийг өглөө. "Монголын 88 их дээд, сургуулиудаас 55 орчим нь консорциумаар дамжуулан элсэлтээ зохион байгуулдаг. Энэ жил 50 орчим сургууль цахимаар элсэлтээ зохион байгуулна. Маргааш буюу наймдугаар сарын 23-нд их, дээд сургуулиудын консорциумын элсэлтийн бүртгэлийн системийг хаана. ЭЕШ-д өгсөн хичээлүүдэд таарсан бүлгийн гишүүн сургуулиудын мэргэжлээс сонгох эрхийг шалгуулагчид өгнө. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 10-нд нээсэн системд төгсөгчид өөрийн сонгосон мэргэжилдээ тохируулан сургуулиудаа сонгож бүртгүүлсэн байгаа. Хамгийн ихдээ нэг шалгуулагч 10 мэргэжил сонгосон байна. Наймдугаар сарын 24-нд тухайн мэргэжилдээ та хэдэд жагссан болохыг харуулна. Ингэснээр мэргэжил тус бүрт тухайн аймагт очсон квотод багтсан, багтаагүй эсэхийг шууд харах боломжтой гэсэн үг. Наймдугаар сарын 24-25-нд баталгаажуулалт явагдана" гэлээ.