Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Зорчигч тээврийн төлөвлөлт, орон нутгийн тээвэрлэлт хариуцсан мэргэжилтэн П.Должинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. Хот хоорондын зорчигч тээдрийн үнэ километр тутамдаа 60-75 төгрөгөөр нэмэгдсэн байна.
-Сайн байна уу? Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан орон нутаг, хот хооронд зорчих хөдөлгөөн ихэсдэг АТҮТ-өөс ямар журам зохион байгуулалт хийж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 47 сумын чиглэлд нийт 1053 тээврийн хэрэгсэл, 661 жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Өдөрт дунджаар 200-250 тээврийн хэрэгсэл, 5000-6000 зорчигч үйлчлүүлж байна. Цаашдаа оюутнуудын хичээл сургууль эхэлж, зорчигч урсгал өсөх хандлагатай байгаа болохоор үйлчилгээний давтамжийг 50 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр 21 аймгийн 62 сумын чиглэлд үйлчилгээг үзүүлж өдөрт дунджаар 250-300 тээврийн хэрэсглээр 10000-11000 зорчигчид үйлчлэхээр төлөвлөсөн бөгөөд авто буудлын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, хүн хоорондын зайг баримтлан үйлчилнэ.
Ерөнхийдөө өндөржүүлсэн бэлэн байдал улсын онцгой комиссын даргын тушаалаар батлагдсан журмын дагуу явагдаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг 40 хүний суудалтайгаар явуулна гэсэн зохицуулалтын дагуу явагдаж байна. Манай нийтийн тээвэр өөрөө 45 хүний суудалтай том оврын автобуснууд байгаа. 40 хүнийхээ суудлыг бид программдаа зохицуулалт хийгээд урд талаасаа жолоочийн урд эгнээг халхлаад битүү хамгаалалтын цаас, зориулалтын бүхээг хийсэн байгаа.
-Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн зардал хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээний жишиг тариф шинэчлэгдэн батлагдсан. Үүнийг зам тээвэр хөгжлийн сайд баталдаг. 374-р тушаалаар манай нийтийн тээврийн чиглэлийн бүх үнэ нэмэгдсэн. Энэ нь чиглэлийнхээ онцлогоос хамааруулаад үнийг нь нэмсэн. Тэгэхээр нэг хүн километрийг 60-66 төгрөг гэж тооцоолол судалгаа гаргасан. Ерөнхий байдлаар дундаж нь 700-20000 төгрөг хүртэлх үнэ нэмэгдсэн гэж хэлж болно.
-Хот хооронд зорчигчид ачаа тээвэртэйгээ явдаг шүү дээ. Тэгэхээр 20 килограммаас илүү ачаа тээвэрлэхэд тэдэн төгрөгийн тариф тогтоогдсон бэ?
-Ачаа тээвэрлэхэд I, II, III-р зэрэглэл гэж байдаг. 20-25 кг ерөнхийдөө үнэгүй тээвэрлэдэг. Түүнээс дээш манай зориулалтын ачаа тээшинд тээвэрлэдэг. Тэр нь өөрийн гэсэн баталсан үнэ тарифтай. Жишээлбэл нэг хүн километрын ачаа тээврийн үнэ 60-75 төгрөг болж нэмэгдсэн.
-Хөдөө орон нутгаас ирж буй зорчигчид 20 кг-аас илүү ачаа тээвэртэй байдаг. Айраг, сүү, цагаан идээ ч гэх мэт. Энэ тал дээр жолооч цавчаа оруулан үнэ нэмдэг шүү дээ. Үүн дээр танайхаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Голдуу холын аймгуудад тийм асуудал их гардаг. Баруун таван аймаг ч гэдэг юм уу. Чиглэл нь хол болоод ирэхээр маш их ачаатай ирдэг. Манай дээр 50.12 стандарт тавигдаж байгаа шаардлагуудаа хангаад та илүү гарсан ачаагаа тээшинд үлдээнэ үү? гэсэн шаардлагыг зорчигчиддоо тавьдаг. Жинлэж үзээд вокзалууд дээр үлдээдэг. Яг тавигдаж байгаа шаардлагын дагуу 20-25 кг ачааг л үнэгүй авч явна. Хяналт шалгалт хийгддэг. Сум болон холын аймгуудын автобусанд хяналт тавьж чадахгүй байна.
-Зорчигчдын гаргаж буй нийтлэг алдаа нь юу байна?
-Ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүнийг холын аймгууд авчирдаггүй. Жолоочид ч гэсэн өөрсдөө муудах хүнсний бүтээгдэхүүн авдаггүй шүү. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх учраас анхнаасаа мэдэж байх хэрэгтэй.
-Одоогоор автобус явахгүй байгаа ямар чиглэл байна вэ?
-Манайд одоо 21 аймгийн 62 сумын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байна. Яг өнөөдрийн байдлаар явахгүй байгаа чиглэл нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр буюу Чойр сум. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан Баян-Өлгий аймаг найман сарын 25 хүртэл хорио тогтоосон. Бусад аймгууд хөл хорир тогтоогоогүй, хэвийн явагдаж байна.
Ярилцсанд баярлалаа.