Ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллага цахим болон танхимын сургалт хосолсон хэлбэрээр хичээллэхээр шийдвэр гарсан. Тэгвэл цэцэрлэгт 4-5 настнуудыг хамруулахаар болсон бол 2-3 настнуудыг эхний ээлжинд авахгүй, нөхцөл байдлыг харгалзан үзэж байж хичээлд хамруулах талаар БШУЯ-наас мэдээлсэн. Энэ нь 2-3 настай хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хамгийн том тулгамдсан асуудал болоод байгаа юм. Тэгвэл 2-3 настай хүүхдийг хэрхэн яаж, хаана хамруулан сургах боломжтой, мөн өдөр өнжүүлэх төвүүд хэвийн ажиллах эсэх талаарх мэдээллийг хүргэе.
Ажил ихтэй эцэг эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэх төвүүдэд өгөх нь элбэг байдаг. Цар тахал дэгдэж эхлэхээс өмнө өдөр өнжүүлэх төвүүдийн ачаалал ихтэй байсан ч коронавируст дарлагдсан хоёр жилийн хугацаанд хаалгаа барьсан. Тэгвэл өдөр өнжүүлэх төвүүдэд бага насны хүүхдүүдийг хамруулах боломжтой эсэх талаар Монголын “Өдөр өнжүүлэх, Хүүхэд хөгжүүлэх” төвийн нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Т.Ганцэцэгээс тодрууллаа.
Өдөр өнжүүлэх төвүүд 6-аас дээш настай хүүхдүүдийг хамруулна
-Танай ТББ-т хэчнээн өдөр өнжүүлэх төв бүртгэлтэй байдаг вэ?
-Манай дээр одоогоор 230 өдөр өнжүүлэх төв бүртгэлтэй байгаа. Нэг ёсондоо холбооны гишүүн гэсэн үг. Өдөр өнжүүлэх төвийг хүртээмжтэй болгох, гишүүдээ дэмжих, чадвахжуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр мэргэжлийн багш бэлтгэж, өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулдаг гэсэн үг юм.
- Одоогоор хэдэн настай хүүхдүүдийг хамруулж байна. 2-3 настай хүүхдийг өдөр өнжүүлэх төвд бүртгэдэг үү?
-Өдөр өнжүүлэх төвүүд маань 6-аас дээш настай буюу нэгдүгээр ангийн сурагчдаас тавдугаар анги хүртэлх хүүхдүүдийг хамруулдаг. 2 болон түүнээс дээш настай хүүхдүүдийг “хүүхэд харах үйлчилгээ” бүртгэж авдаг. Тиймээс манай дээр бүртгэлтэй өдөр өнжүүлэх төвүүд маань 6-аас дээш насны хүүхдүүдийг хамруулж байгаа юм. Эцэг эхчүүдийн зүгээс хоёр болон түүнээс дээш настай хүүхдүүдийг авах талаар хүсэлт их тавьж байгаа. Гэвч бидэнд одоогоор тийм боломж байхгүй байна.
- Өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг цухас дурьдвал?
-Анх өдөр өнжүүлэх төв нь эцэг эхчүүдийг ажилтай үед хүүхдийг хичээл сургуульд нь хүргэж өгөх, сургуулиас авах үйлчилгээ үзүүлдэг байсан бол сүүлд нь хүүхдийн хоцрогдол арилгах, нэмэлт сургалт өгөх зэрэг үйл ажиллагааг хамт явуулдаг болсон. Одоо харин бүтэн хоёр жилийн дараа ирэх есдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
- БШУЯ-наас өдөр өнжүүлэх төвүүдийн ажиллах зарчимаар заавар зөвлөгөө өгсөн үү?
-Одоогоор БШУЯ-аас ямар нэг заавар өгөөгүй байна. 2019 онд Өдөр өнжүүлэх төвүүдийн нийтлэг жишиг гаргаж байсан. Түүгээр өдөр өнжүүлэх төвүүд маань хичээллэнэ. Үүнээс гадна Онцгой үед авч хэрэгжүүлэх дотоод журам гаргасан байгаа, түүнийгээ мөрдөөд ажиллана.
- Халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримтлах вэ. Мөн ариутгал, халдваргүйтгэлээ хийж байгаа юу?
-Өдөр өнжүүлэх төвүүд маань тус бүртээ хувийн бэлтгэлээ хийж байна. Төвүүд маань хэдэн метр квадраттай байна түүндээ тохируулан хүүхдүүдээ хүлээн авна. Мөн хүүхдийг эрүүл аюулгүй байлгах үүднээс маск зүүх, улавч өмсөх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллана.
- Баярлалаа.
Зарим өдөр өнжүүлэх төвүүд 3-аас дээш настай хүүхдийг бүртгэх талаар мэдээлэл явсан. Тэгвэл энэ талаар “Light kids”өдөр өнжүүлэх төвөөс тодруулахад,
2-оос доош настай хүүхдийг хамруулахгүй гэсэн чиглэл өгсөн
- Элсэлтийн бүртгэл эхэлсэн үү?
- Одоогоор үйл ажиллагаа маань эхлээгүй, элсэлтийн бүртгэлээ хийгээд явж байна.
- 2-оос доош насны хүүхдүүдийг бүртгэхгүй байх талаар чиглэл өгсөн юм билээ. Тэгэхээр 3 наснуудыг бүртгэж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. 3-аас дээш настнуудыг бүртгэж байгаа. СӨБ-ийн боловсрол олгож байгаа учир хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн. Жишээлбэл, 2 болон түүнээс доош насны хүүхдийг өдөр өнжүүлэх төвд бүртгэхгүй байх. Нэг ангид 5-аас доош хүүхдийг хичээллүүлэх, 1,5-2 метрийн зай бариулах зэргийг тодорхой заагаад өгчихсөн байгаа.
- Халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж хичээллэх вэ?
-Манайх эцэг эхтэйгээ гурвалсан гэрээ байгуулан хичээллэнэ. Ингэхдээ хүүхдээ заавал коронавирусийн шинжилгээнд хамруулах, халуунаа өдөр бүр хэмжүүлэх зэрэг хэд хэдэн зүйлийг тусгасан байгаа. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, ариутгал халдваргүйтгэл хийж байж үйл ажиллагаагаа явуулна.
- Эцэг эхчүүдийн зүгээс 2 настнуудыг хамруулах талаар хүсэлт ирж байна уу?
-Ирэлгүй яахав. Хоёр настай хүүхэдтэй маш олон эцэг эхчүүд байгаа. Ажлаа хэрхэн хийх, хүүхдээ хэрхэн харах талаар маш олон асуудал тулгарч байна. Гэвч 2 настнуудыг одоогоор авах боломжгүй. Ирэх есдүгээр сард шийдвэр гараад 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг шийднэ.
-Баярлалаа.
Өдөр өнжүүлэх төвөөс гадна "Хүүхэд харах үйлчилгээ" эрхэлдэг хүмүүс цөөнгүй бий. Тэд өөрсдийн гэртээ халдвар хамгааллын дэглэмээ сахин, хүүхэд асрах үйлчилгээ эрхэлдэг байна. Тэдний зүгээс бага настай хүүхдүүд буюу 1-3 хүртэлх насны хүүхдүүдийг цөөн тоогоор хамруулах талаар ярьж байлаа. Тэдний төлөөлөлтэй холбогдон мэдээлэл авахад,
"Бид гэрээр өдөр өнжүүлэх, хүүхэд асрах үйлчилгээ эрхэлж байгаа. Хоёр өрөөг хичээл хийх болон бусад төрлийн сургалт явуулахаар тохижуулсан. Одоогоор өөрийн хоёр хүүхэд дээр нэмж дөрвөн хүүхдийг харахаар төлөвлөж байна. Ялангуяа бага насны хүүхэдтэй ээж, аавууд их холбогдож байна. Цэцэрлэг сургуультай адил ариутгал, халдваргүйтгэлээ хийгээд, халдвар хамгааллаа сайтар баримталж ажиллана" гэлээ.
Ирэх есдүгээр сарын 20-ноос эхлэн коронавирусийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байж 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах талаар БШУЯ-наас мэдээлж буй. Иймд 2-3 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд төр засгийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүйд хүрээд байгаа юм. Иймд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд өдөр өнжүүлэх төвд болон хүүхэд асрагч хөлслөх, мөн хүүхэд асруулах үйлчилгээнд хүүхдээ бүртгүүлэх хэд хэдэн боломж байгаа талаарх мэдээллийг хүргэлээ.