Бүгд Найрамдах Чех Улсад 3 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагийн байдлаар COVID-19-ийн нийт 214 тохиолдол Прага болон Чехийн бүх мужид бүртгэгдсэн байна. Чех Улсын Засгийн газар онц байдал зарлаж, дараах арга хэмжээ аваад байна.
Үүнд:
• Чех Улсын иргэд болон тус улсад урт, богино хугацааны оршин суух эрхтэй иргэдийн гадаадад зорчих хөдөлгөөнийг хориглох, Гадаадын иргэдийг Чех Улсад зорчихыг хориглох
• COVID-19-ийн тархалт ихтэй 15 орноос (БНХАУ, БНСУ, Иран, Итали, Испани, Австри, ХБНГУ, Нидерланд, Швейцар, Швед, Норвег, Бельги, Дани, Франц, Их Британи) зорчин ирж буй Чех Улсад урт, богино хугацааны оршин суух эрхтэй иргэд өөрийн өрхийн эмчид мэдэгдэх, 14 хоногийн хугацаанд гэртээ тусгаарлагдах
• Олон улсын галт тэрэг, автобус, 9 хүнээс дээш хүн тээвэрлэх автомашины хөдөлгөөнийг хориглох (хилээр нэвтрэхэд)
• Хүнсний дэлгүүр, эмийн сан, гоо сайхан, шатахуун түгээх, банк, шуудан зэрэг олон нийтэд үйлчлэх газраас бусад худалдаа, үйлчилгээний газрыг 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хаах
• Ресторан, зоогийн газар, бар, пивоны газрын үйл ажиллагааг зогсоох
• Бүх төрлийн спорт зал, фитнес, усан сангийн үйл ажиллагааг хориглох
• 30-аас дээш хүн оролцох соёл, урлаг, спорт, кинотеатр, үзэсгэлэн, шашны цуглааныг хориглох
• COVID-19-ийг санаатайгаар тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэх
• ХБНГУ, Австри Улстай хиллэх цэгүүдэд шалгалт тогтоох (Польш, Словак Улс өөрсдийн хилээ хаасан болно)
Тус ЭСЯ-ны төлөөлөл Чехийн Гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газрын удирдлагатай тус улсад богино хугацааны жуулчны визээр ирсэн, нутаг буцах боломжгүй байгаа иргэдийн асуудлаар уулзаж, эдгээр иргэдийн визийг сунгахаар болсон. Богино хугацааны жуулчны визээр ирсэн, нутаг буцах боломжгүй байгаа иргэд Та бүхэн харьяа хотынхоо OAMP буюу гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн газарт визний хугацаа дуусахаас өмнө холбогдох бичиг баримттайгаа (гадаад паспорт, онгоцны билет) очно уу.
Виз сунгахтай холбоотой асуух тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны 224311198, 775874222 мөн ЭСЯ-ны Embassy of Mongolia to the Czech Republic Facebook хуудаснаас мэдээлэл авна уу.