2021-2022 оны хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа. Энэ хичээлийн жилд 5/9 зарчмаар хичээллэнэ гэдгийг БШУЯ-аас мэдээлсэн. Тэгвэл УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн энэ талаар "Ногоон болон шар бүсэд байгаа хүүхдүүд танхимаар хичээллэх шийдвэр гарсан. Харин улбар шар болон улаан бүс буюу халдвар голомтлон тархсан бүсэд хоёр ээлжээр хичээллэх шийдвэр гарсан байгаа. Ингэж хоёр ээлжээр хичээллэхдээ өдөр, өдрөөр ээлжилж хичээллэхгүй. Харин 7 хоногоор ээлжилж хичээллэнэ. Долоо, долоо хоногоор ээлжилж хичээллэнэ гэдэг нь амралтын хоёр хоногтойгоо нийлээд 5/9-ийн зарчим гэж нэрлэж байгаа юм. Энэ зарчмаар хичээллэвэл нэг хүүхэд дор хаяж 9 хоног гэртээ байх юм.
5/9-ийн зарчим нь коронавирусийн халдвар тархахгүй байх магадлалыг сайн хангаж байгаа. Учир нь энэ нь халдварын нууц үеийн хугацаатай холбоотой. Хүн халдвар авсан тохиолдолд эхний тав хоногт ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Мөн эхний дөрөв хоногт халдвар тараадаггүй. Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн нэг сурагч Даваа гарагт халдвар авлаа гэж бодоход Баасан гараг хүртэл халдвар тараахгүй явж байгаад Бямба гарагаас амарна. Ингээд сургууль дээр халдвар тараахгүй гэсэн үг.
Баасан гарагт халдвар авсан тохиолдолд ес хоногийнхоо дотор орчих учраас дараагийн долоо хоногт хичээлд явах үед коронавирусийн халдвар илэрсэн байх тул сургууль дээр халдвар тархахгүй байх, голомтлон халдварлахгүй байх магадлалтай юм.
Энэ зарчмаар сургууль дээр 100 хувь халдвар тархахгүй гэсэг үг биш. Гэхдээ энэ нь коронавирусийн зүй тогтолтой хамгийн өндөр хувиар таарч байгаа хувилбар юм" гэлээ.