Залуусын сонирхлыг сүүлийн үед ихэд татаж буй "тамхинаас гаргагч" гэх нэр зүүсэн электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрлээ. Хуульд тусгагдаагүйгээр нь далимдуулан энэхүү эдийг гэрт, гадаа, гудамжинд, орцонд, ресторанд, лифтэнд гээд хаа саагүй баагиулах залуус олширсон байна. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр нэгэн реппэр залуу Төрийн ордон дотор электрон тамхи татаж суусан цаг саяхан. Энэ нь тус тамхины донтуулах үйлчилгээ болон хэрэглээ аль зэрэг өндөр байгааг харуулж буй.
Электрон тамхины шингэн утааны үнэр хувцас хунар шингэхгүй ч уушги болоод бусад дотор эрхтэнд үзүүлэх хор нөлөө нь утаат тамхинаас илүү гарахаас дутахгүй болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Тиймээс энэ талаар НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.
"Электрон тамхи нь уушгийг гэмтээж, тархины хөгжлийг удаашруулан хавдар үүсгэдэг"
-Электрон тамхины хүний биед үзүүлэх хор уршиг энгийн тамхинаас ялгаатай юу?
-Насанд хүрэгчдийн 1.1 хувь, 13-15 насны сурагчдын 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Электрон тамхи нь утаат тамхийг бодвол олон төрлийн үнэр, амт оруулагч, тогтворжуулагч найрлагадаа агуулдагаараа өөр бөгөөд хүнд металлууд болон никотин буюу донтуулагч бодис агуулдагаараа адил. Хэрэглээ талаасаа янжуур тамхинаас ялгаатай нь хүний биед ууршиж ордог. Ингэснээрээ юун түрүүнд уушгийг гэмтээж, дараагаар нь тархины хөгжлийг удаашруулан, хавдар үүсгэдэг. Тэр тусмаа дам тамхидалтад өртөж буй хөндлөнгийн хүмүүст илүү аюултай.
-Тэгэхээр электрон тамхи ч ялгаагүй дам тамхидалтад өртөж байгаа хүмүүст сөрөг нөлөөтэй байх нь тийм үү?
-Ууршиж байгаа учир зөвхөн тэр тамхийг татаж байгаа хүн өөрөө хэрэглэж байгаа гэсэн үг биш. Ойр орчимд хүмүүс мөн адил тамхины утаагаар амьсгалж байгаа гэсэн үг юм. АНУ-д электрон тамхинаас шалтгаалан уушгины үрэвсэл үүсэж хүмүүс нас барсан тохиолдол гарсан. Үүнээс харахад, энэ нь маш хортой бүтээгдэхүүн гэдэг нь харагдаж байна.
-Электрон тамхи нь тамхины тухай хуульд тусгаагүй байдаг. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-2021 онд тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Үүнд бид электрон тамхийг хуульчлах санал оруулсан. Электрон тамхины гол золиос нь үргэлж юмыг шинээр эрэлхийлж байдаг залуучууд байна. Электрон тамхины хэрэглээ өсөөд байгаа нь уламжлалт янжуур тамхины хэрэглээ дэлхий даяар буурч байна. Гэтэл үүнийгээ хэлбэр, дүрсийг нь өөрчлөөд нэг бол тамхинаас гаргадаг гэж, үгүй бол хоргүй гэж худал сурталчилгаа хийж байна. Үүнийг нь сонссон хүүхэд, залуус хоргүй мэт ойлгож хэрэглээд байгаа юм.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 4,600 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 5,860 төгрөг, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхинд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг 2021 онд 3,400 төгрөгөөр тогтоож, цаашид 2024 он гэхэд 4,210 төгрөг болгон тус тус үе шаттайгаар өсгөн нэмэгдүүлэх зохицуулалтыг тус тус тусгаж, эдгээр нэмэлттэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуулийн хэсэг, заалтуудын уялдаа холбоог хангах өөрчлөлтийг тусгасан байна.
Одоогийн байдлаар манай улсын төр засаг энэхүү "гоёмсог" үнэр, амттай тамхины эсрэг явуулж буй бодлого нь гаднаас оруулж ирж буй татварыг бага зэрэг нэмэгдүүлсэн явдал төдий. Гэтэл энэ нь электрон тамхины хэрэглээг багасгах нөлөө бараг үгүй бөгөөд татвар нэмэгдвэл үнэ нэмэгдэх зарчмаар борлуулагчид бараг зэрэг үнэ нэмж, хэрэглэгчид нь анзаарсан ч зүйлгүй худалдан авч буй.
Тамхины худалдаа эрхлэгчтэй электрон тамхины борлуулалт болон залуусын хандлага ямар байгаа талаар тодруулахад, "Орчин үеийн залуус их авч хэрэглэдэг болсон. Энгийн тамхи татдаг байсан хүмүүс электрон тамхи хэрэглэж үзээд энгийн тамхинаас гарч байгаа" гэв.
Энэ нь дээр дурдсанчлан тамхинд агуулагдаж буй донтуулагч бодисын нөлөө ямар өндөр байгааг харуулж байна. Залуус тамхинаас гарч байна хэмээн сэтгэж, зүсээ хувиргасан утаат тамхийг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа нь энэ юм.
2019 онд АНУ-ын 14 мужид уушгины үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн 94 тохиолдол бүртгэгджээ. Үүний шалтгааныг эмч нар электрон тамхитай холбон тайлбарлаж байв.
The Washington Post сонины мэдээлснээр электрон тамхи татдаг өвчтнүүд дээрх өвчнөөр өвдөн, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зарим нь эрчимт эмчилгээний тасаг, уушгины хиймэл амьсгалын аппаратад орсон байжээ.
Энэ өвчний 94 тохиолдол Калифорни, Иллинойс зэрэг 14 мужид бүртгэгдсэн бөгөөд амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хөндүүрлэх, зүрхний цохилт хурдсах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.
Сануулахад, Электрон тамхийг гоочилж, утаат тамхийг сурталчлаагүй болохыг энд дурдаж байна. Сөрөг нөлөө адилхан хоёр бүтээгдэхүүний алийг нь хэрэглэх нь иргэн таны эрх. Гэвч нэг нь хуулийн дагуу, нөгөө нь хуулиас гадуур байгаад учир оршиж буй. Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад электрон тамхины төрлүүдийн хэрэглээг хязгаарласан зүйл заалтууд орох хүртэл энэхүү "шингэн утаа" тамхичдын уушгинд сэлгүүцэхээс гадна, энгийн иргэдэд ч мөн хор хөнөөлөө учруулсаар байх боллоо.
Б.Амарбаясгалан