Байгаль орчны асуудлуудыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж, шийдвэр гаргагчдын болон нийт ард иргэдийн анхаарлыг хандуулах контентуудыг бүтээж буй МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркийн автомашин гардууллаа.
Энэхүү машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулж өгөхдөө “Байгаль орчны асуудал дэлхий нийтийнх болсон энэ үед ирээдүй хойч үедээ эх болсон байгалиа энэ хэвээр нь өвлүүлж, олон нийтийн байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх контентуудыг бүтээж буй танай хамт олонд талархал илэрхийлж байна.
Байгаль орчны чиглэлээр мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд шуурхай хүргэхэд МҮОНРТ-ийн сурвалжлагч, уран бүтээлчид эх орны өнцөг булан бүрд, тэр дундаа хүний хөл хүрээгүй онгон зэрлэг байгальд ч очих шаардлагатай тулгардаг. Энэхүү машин та бүхний ажлыг бага ч гэсэн хөнгөвчилж, олон нийтийн байгаль хамгаалах хандлагыг өөрчлөхөд бодитоор нөлөө үзүүлж буй контент бэлтгэхэд дэмжлэг болно гэж найдаж байна. Танай хамт олны байгаль хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмэр цаашид улам өргөжих болтугай” хэмээсэн юм.
БОАЖЯ-наас байгаль хамгаалалд хандах иргэдийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Хандлагаа өөрчилье” багц нөлөөллийн ажлыг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Тус аяны мэдээ, мэдээллийг МҮОНРТ тухай бүрд нь газар дээрээс нь шуурхай мэдээлж ажилласнаас гадна байгаль орчны чиглэлээр томоохон контентуудыг бэлтгэн үзэгчдэдээ хүргэдэг билээ. Тухайлбал, Долоо хоног бүрийн даваа гаригт Цагийн хүрд хөтөлбөрөөр Байгаль орчны буланг тусгайлан гаргаж оргил цагийн таван минутыг зөвхөн байгаль экологийн талаарх мэдээ мэдээлэл, боловсрол олгоход зориулжээ. Түүнчлэн 2019 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн боловсрол олгох чиглэлээр Цагийн хүрд хөтөлбөрт 870 орчим сурвалжилгыг бэлтгэн хүргэжээ.
Эх сурвалж: БОАЖЯ