Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорио цээрийн дэглэмийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг шалгах хөдөлгөөн өрнүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд


Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ тугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жил тус арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурлыг ажлын хэсгийн гишүүд онлайнаар зохион байгууллаа.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан “Хүүхэд эрхэм хэрэглэгч-2020” арга хэмжээг цахим орчинд, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

МУ-ын хэмжээнд 2019 онд зөвхөн гэртээ осол гэмтэлд өртсөн 0-15 хүртэлх насны хүүхдийн тоо 23301 үүнээс санамсаргүй осолд өртсөн 21893 байгаа бол 4013 хүүхэд гэртээ түлэгдэж гэмтсэн гэсэн сэрдхийлгэм тоон мэдээлэл бий. Хичээл сургалтын үйл ажиллагаа удаан хугацаагаар тасалдаж, хүүхдүүд гэртээ байснаар эрсдэл улам бүр нэмэгдэх хандлагатай болдог байна.

Иймд Монгол улсын хэмжээнд анх удаа айл өрх бүрийг гэрийн аюулгүй байдлаа шалгах, хангахад уриалсан уриалга хөдөлгөөнийг энэ жил өрнүүлэх юм. “Хүүхэд-эрхэм хэрэглэгч” арга хэмжээг хамтран зохион байгуулагч мэргэжлийн байгууллагуудаас гаргасан аюулгүй байдлын үзүүлэлтийг шалгах загвар жагсаалтыг бэлэн болгоод байна. Энэ дагуу гэр бүлийн аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлийг арилгаснаар дээрх гэмтэл бэртлийн тоо эрс багасаж улмаар энэ асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нийслэл, дүүрэг, хороо, аймаг орон нутгийн удирдлагууд төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагуудын удирдлагууд айл өрх албан хаагчдынхаа гэр бүлийг энэхүү ажилд уриалан оролцуулж, үр дүнг нь нэгтгэх ажлыг зохион байгуулахаа мөн мэдээллээ.

Арга хэмжээний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, БСШУСЯ-наас хамтран улсын хэмжээнд Миний гэр-Аюулгүй орчин зохион бичлэгийн уралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах юм байна.

2020 онд энэхүү арга хэмжээг БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбооны мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Дэлхийн зөн болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Хүүхэд эрхэм хэрэглэгч” уриан дор зохион байгуулж байна.

Хөвсгөл аймагт гарсан ахуйн гал түймрийн улмаас гурван хүний амь эрсэджээ
Хөвсгөл аймагт гарсан ахуйн гал түймрийн улмаас гурван хүний амь эрсэджээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.