Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн “Хялганат” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ иргэн Г-ийн өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 13-ны өдрийн 06:52 цагт хүлээн авчээ.
Орон нутгийн 20 иргэн, 4 автомашинтай 5 цаг 15 минут ажиллаж галыг унтраажээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, сумын ЗДТГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын ЭМТ, ар гэрээс нь нийт 23 хүн 11:05 цагт очиж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллажээ. Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б/14 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар гал түймэрт өртөж нас барсан тул 3 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Мөн тус гал түймэрт өртсөн А /17 нас, эмэгтэй/, Д /15 настай, эмэгтэй/ нар 2 дугаар зэргийн /70 хувь/ түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгаа тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ий тасагт авчирч хэвтүүлэн хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийгдэж байна. Гал түймэрт түлэгдсэн иргэдийг ГССҮТ-д авчрахаар гуравдугаар сарын 14-ний өдрийн 07:30 цагт ЗХ-ийн 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр ОБЕГ-ын 1 алба хаагч, ГССҮТ-ийн 2 ажилтан, экипажийн 4 алба хаагч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нисжээ.
Эх сурвалж: ОБЕГ