Гэнэн цагаахан хүслээр ирээдүйгээ зөгнөсөн бяцхан үрс алгын чинээхэн гарандаа хүйтэн мэс барьчихаад үеийнхээ жаалуудыг хөнөөсөн гэх аймшигт хэрэг олон хүнийг цочирдууллаа. Хүүхдийн инээд цалгисан эх орон гэж ярьдаг ч хүүхдийн цурхиран уйлах нийгмийг бид бүтээчихэж. Энэ хэний буруу вэ?
Мэдээж анхаарал халамжгүй эцэг эхчүүд, амиа хичээсэн томчуудын буруу. Нийгэм нь өөрөө соён гэгээрлийг бий болгож чадаагүй байхад дахин мянга мянган хүүхэд ирээдүйгээ хар бараан дурсамжаар дүүргэх нь. Учир нь сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их болжээ. Хамгийн сүүлийн жишээг дурдахад л, Дорнодод хэсэг залуус маргалдсаны улмаас 18 настай хүү нэгнээ машинаар дайрсан хэрэг гарсан. Уг аймшигт хэргийн дуулиан намжаагүй байтал 11-хэн настай хүү хамаатныхаа 13 настай охиныг олон удаа хутгалж хөнөөгөөд, 7 настай дүүг нь хүнд гэмтээсэн гэх.
Манай улсад “18 нас хүрээгүй хүн бүрийг ХҮҮХЭД гэнэ” гэж заасан байдаг. 18 настай хүүхэд хэдий бие сэтгэхүй нь хөгжсөн, аливаа зүйлийн зөв бурууг ялгаж салгах чадвар суусан гэж хэлж болох ч адилхан хүүхэд. Харин 11-хэн настай хүүхдийн сэтгэхүй бүрэн төгс хөгжөөгүйн дээр зөв бурууг ч ялгаж салгах чадах чадваргүй нь мэдээж. Гэтэл хүний амь хөнөөгөөд явж байгаа нь дэндүү харамсалтай. Энэ нь эцэг эхчүүд болон томчууд хүүхдийнхээ төлөвшил, ёс суртахуунд нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг анхааруулсан том дохио боллоо.
Өнөөдөр хүүхдүүдийн үзэж байгаа кино, тоглож байгаа тоглоом, хэрэглэж байгаа утас гээд бүгд тэдний сэтгэлзүй, насны онцлогт тохироогүйн дээр ихэвчлэн хар бараан зүйлийн тухай өгүүлдэг. Тухайлбал, өсвөр насандаа яваа хүүхдүүдийн тоглож байгаа интернэт тоглоом нь ёс бус үйлдэл, аллагыг тод томруун харуулж байдаг. Гэтэл энэ мэт тоглоомыг тоглох сэдлийг нь томчууд бид өгч байгаа нь хүүхдийг даган дуурайх үйлд хөтөлж байгаа хэрэг юм.
Ихэнх бага насны хүүхэд өөрийн гэсэн ухаалаг утастай, түүнийгээ хэнээс ч дутахааргүй эзэмшиж чадна гэхэд хилсдэхгүй. Эцэг эхчүүд ч хүүхдээ хүний дор оруулахгүй гэсэн үүднээс ухаалаг утасны аль чанартайг нь авч, ашиглуулах болсон. Гэтэл мянга ухаалаг байлаа гээд утас нь таны хүүхдийн юу үзэж, юу хийж байгааг харж, анхааруулж чадахгүй шүү дээ. Хүүхдийн сэтгэхүй маш эмзэг байдаг тул харсан, үзсэн, сонирхсон гээд өөрийн анхаарал татсан зүйлээ туршиж үзэх туйлын хүсэлтэй байдаг. Тиймээс хүүхдийнхээ ирээдүйн төлөө гар утас, интернэт орчны хэрэглээг багасгах нь зүйтэй.
Өнөөдөр манай улс интернэтийн хэрэглээгээ зөв зохицуулах эрх зүйн чадамжгүй. Том хүн гэлтгүй хүүхэд ч үзэхийг хүссэн зүйлээ интернэтээс хайгаад үзэх бүрэн боломжтой. Мөн монголын кино урлагийн салбар хүүхдийн нас сэтгэхүйд зориулсан кино контент хийх нь бага. Ихэнх кинонууд насанд хүрэгчдэд зориулагдсан, аллага, хулгай дээрэм зэргийг нуулгүй харуулж байдаг. Иймээс кино урлаг ч мөн хүүхдийг соён гэгээрүүлэх их үйлсэд ханцуй шамлан оролцох шаардлага нэгэнт тулгараад байна.
Сүүлийн энэ аймшигт хэрэг ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө өнөөдрөөс соён гэгээрүүлэх ажлыг хийж, хүүхдийн сэтгэхгүйн онцлогт таарсан кино, контентуудыг бий болгох зайлшгүй шаардлагатайг санууллаа. Хэн ч хүүхдээ алуурчин болоосой гэж хүсэхгүй. Хэн ч хүүхдээ ХЭРЭГТЭН болоосой гэж хүсэхгүй шүү дээ.