БНСУ-д шинэ коронавирусийн халдвар авсан гадаадын иргэншилтэй 60 тохиолдлоос 2 нь Монгол улсын иргэн хэмээн мэдээллээ. Тодруулбал, Өвчний хяналт, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өчигдрийн 00.00 цагт улс орон даяар батлагдсан өвчтөнүүдийн дунд гадаадын иргэншилтэй 60 тохиолдол бүртгэгдсэн болохыг мэдэгдэв. Үүнээс Хятадын 38 иргэн, АНУ-ын долоо, Вьетнам, Аргентин, Австрали, Тайланд, Монголын тус бүр хоёр, Польш, Япон, Индонези,Узбекистан, Малайзын тус бүр нэг иргэн халдвар авчээ.
Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс "БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна. БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр болсон. Ажлын цаг эхлэхээр албан ёсны мэдээллийг хүргэнэ" гэсэн юм.