Ирээдүйд технологийн дэвшил хүний ажлын байрыг булаана гэдэг зүйл биеллээ олж байгаа нь энэ. Ур чадвар сайтай хэд хэдэн оёдолчдын ажлын байрыг энэ машин булаахаар бүтээгджээ. Технологийн дэвшил амьдралд нэвтэрхийн хэрээр хуучин бидний мэддэг үйлдвэрлэлийн ойлголт хүчтэй эвдэгдэж байна.
Манай улс хөнгөн үйлдвэрийн салбараа цаашид хөгжүүлэх хэд хэдэн боломж байгааг хуваалцая.
1. Ажиллах хүчин цөөн манай орны хувьд хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх том боломж нь ажлын байр бага шаарддаг, бүтээмж өндөр, ийм тоног төхөөрөмжүүд давуу тал болно. Дэлхийд тавигддаг стандартын шаардлагыг ч эдгээр машины хүчээр ядах юмгүй давна. Өөрийн сайн мэддэг тоогоо энд дурдъя. Жишээлбэл зөвхөн оёдлын салбарт манай орны 100 мянган хүн, сүүлийн үеийн буюу 6-р үеийн тоног төхөөрөмж дээр ажиллана гэж барагцаа тооцоход, уламжлалт оёдлын салбарын 1 сая хүний бүтээмжтэй ажиллана. (манай улсад сүүлд 2020 онд тоологдсоноор энэ салбарт 15 мянга орчим хүн бий) Одоо Вьетнам улсын оёдлын салбарт 2.9 сая хүн ажиллаж байна. Вьетнам дэлхийн оёмол бүтээгдэхүүний салбарт цахиур хагалж, эдийн засгийнх нь хөдөлгөгч 3 том хүчний нэг нь оёдлын салбар болсон. 2019 оны тоогоор 39 тэрбум долларыг энэ салбараас олсон бөгөөд жил бүр 3 тэрбумын өсөлттэй явсаар энэ тоонд хүрчээ. Бид дэлхийд оёмол бүтээгдэхүүний салбарт хүчтэй тоглогч болох боломж байна. Дагаж биш угтаж хөгжих хэрэгтэй гэдэг танай засгийн газрын бодлогод ч яв цав нийцнэ. Оёдол гэлтгүй бүх салбарт ийм боломж байна...
2. Дэлхийд жанжилах Хятадын бодлогын эсрэг АНУ, Европын холбоо, Япон зэрэг том гүрэн холбоотнууд тууштай зогсож, нөлөөлөл, хүчийг нь сулруулахаар хичээн чармайж байна. Хятадтай хиллэдэг манайхаас бусад бараг бүх улс хилийн маргаантай. Шинжаан, Хонг-Конгийн хүний эрх, Тайваны асуудал, Энэтхэгийн хилийн мөргөлдөөн ч том нэрмээс. Товчхондоо дэлхий дээр манлайлал, нөлөөллийн дайн өрнөж байна. Дээрх шалтгаанаас шууд хамааралтай хөгжилтэй орнууд БНХАУ-аас болон хятад гаралтай эзэдтэй үйлдвэрүүдэд захиалга хийхээс эрс татгалзаж аль болох бусад орны үйлдвэрлэлийн олон эх үүсвэр хайж эхэллээ. Үүнийг ч чадмаг ашиглаж Вьетнам эхнээсээ цулайж, пээдийх маягтай. Өндөр технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт дэмжинэ, угаасаа манайд 1 сая хүний, ажиллах хүчин дутагдалтай байна гэх болж. Дээрх хөгжилтэй орнууд манайх шиг ядуу буурай орнуудад худалдааны татварын квот өгөхөд бэлэн байгаа. Амьдрал, нөхцөл байдал ч тэгж шаардаж байна. Нэмээд коронавирус ч үүргээ сайн гүйцэтгэж буй. Бид зовлон жаргал, боломж яривал, тэд сайн ойлгож, хурдтай хэрэгжүүлэх байх. Экспортын алтан боломж хажуугаар өнгөрөх нээ!!!
3. Манай улсад тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй гэж зарим хүмүүс мэтгэдэг. Мэдээж тийм боловч тэр том асуудал биш. АНУ-ын худалдааны квот 90 оны төгсгөл 2000 оны эхээр хэрэгжиж байх үед Хонг-Конг, Хятад, Солонгосын хөрөнгө оруулагч нар манай улсад олон тооны том үйлдвэрүүд байгуулан тээврийн асуудлыг үл ажран үйлдвэрлэл, экспорт хийдэг байсныг мартах хугацаа өнгөрөөгүй байна. 3000 хүртэлх ажилчинтай жил бүр МХАҮТ, Засгийн газраас тодруулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийн 45 дугаартай гэрчилгээг нь захирлынх нь өрөөнд гартаа барин уншиж байсан гэрч нь би байна. Манай улсад гаргаж өгсөн АНУ-ын боломжийг тэр үед бид ашиглаж чадаагүй өрмийг нь гадныхан хамсан билээ. Сүүлд бас квотын асуудал яригдахад, хятадуудад энэ боломжийг биш та нарт энэ боломжийг олгомоор байна гэж конгерссмэн нь манай улсад ирэхдээ дахин дахин хэлээд байсан.
4. Мөн Хятад өөрөө агуу том үйлдвэрлэгч орон гэх нь бий. Тийм тэр үнэн. Гэхдээ нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Хятадын ажиллах хүчний цалин, эрчим хүчний зардал маш их өссөн. Сүүлийн 10 жилд цалингийн зардал 3 дахин өссөн бол Монголоос 4 дахин үнэтэй эрчим хүч ашиглаж байна. Монголтой харьцуулалтгүй. Бас байгаль орчны шаардлага, стандарт үлэмж хатуу болсон бөгөөд хот дагасан үйлдвэрүүдийг нүүхийг хүчтэй шаардаж, үйлдвэрүүд шөнийн цагаар хулгайгаар ажиллаж, аргагүйн эрхэнд нүүсэн үйлдвэрүүд нь дахиж том хэмжээний зардал гаргаж, үйлдвэрийн барилга барих, тоног төхөөрөмжөө суурилуулах, ажиллах хүчнээ дадлагажуулах зэрэгт тамираа барж байна. Угаас том нүүдэл, түймэрт өртөхтэй адил гэж хятад үг бий. Бүтээмж өртгийн хувьд том асуудалтай тулгарч буй. Бидэнд урьд өмнө байгаагүй том боломж одоо гарч ирж байна. Дээрээс нь Хятадад үйлдвэрлэдэг юм хямд байхаа больж импортын татвараа үе шаттай бууруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч орноосоо, хэрэглэгч орон руу хэлбийж эхэлсэн гэсэн үг. Ялангуяа Лоас, Камбож, Бангладеш рүү үйлдвэрлэлийн их нүүдэл эхэлсэн. Бид Эрээнээр орж ирж буй үйлдвэрлэлийн үлдэгдэл бараагаар дэлхийн зах зээлийг төсөөлбөл том төөрөгдөлд орж, ертөнцийн хэргээс гээгдэхээр байна.
5. Бидний нэмэлт боломж. Ядуу буурай орнуудын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч нарыг дэмжих зэрэг том орон болгонд олон улсад хүлээсэн үүргийн дагуух хөтөлбөрүүд зөндөө. Банк, сангууд ч том нөлөөтэй байна. Шургах нүх олон. Гадаад харилцааны яаманд ажил их бий.
6. 10-20 жилийн өмнөхийг бодвол сайн ч муу ч бүх аймгууд эрчим хүч, засмал замаар холбогдож, интернет хүн бүрийн гарт очлоо. Манай улс сонгууль бүрээр амлан зүтгэж, чадахаараа урагшлуулсаар дэд бүтцээ гайгүй байгуулж амжив. 90 оны үетэй харьцуулахад газар тэнгэр шиг зөрөөтэй. Одоо үүнийхээ эд шидийг үзэж аймгуудад дэлхийн жишигт нийцсэн хөнгөн үйлдвэрүүдийг олноор байгуулан эхний ээлжид улс орныхоо хэрэгцээ, цаашид яаралтай гадаад орнуудад экспорт хийж, амьтны хүүхдүүдтэй шовхоо үзэж байж л хүн шиг амьдардаг цаг ирэхээр байна. Үүний төлөө л асар их мөнгө зарж энэ дэд бүтцийг байгуулсан гэж ойлгож байгаа. Дэд бүтэц улс орны суурь бүтэц мөн.
7. Аймаг бүрт хөнгөн үйлдвэрүүд байгуулах нь засгийн газар, ерөнхий сайдын зарласан байгалийн баялагын орлогоос эдийн засгийг солонгоруулах, төвлөрлийг сааруулж бүс нутгийг хөгжүүлнэ гэдэг бодлого ч төгс хэрэгжинэ.
8. Манай дотоодын тээврийн зардал бүтээгдэхүүний өртөгт маш бага жин дарах тул энд ач холбогдол өгөхгүй байсан ч болохоор. Аль ч боомтоос аймагуудруу бараа тээвэрлэх, Ховд, Дорнодоос Замын үүд, Алтанбулаг дээр ачааны машинаар бүтээгдэхүүн тээвэрлэж авч ирэхэд хугацаа богино, үнэ ч хямд болно.
9. Эцэст нь мэдээж хүнээ бэлдэх том асуудал бодлогын зүйлс их бий.
Өнөөдөр манай хөнгөн үйлдвэрийн салбар дотоодын ус ундаа савлахаас хэтрэхгүй үнэхээр лойцон байнаа. Орон нутаг, аймгийн төвүүдэд үйлдвэрлэл алга. Төрийн хэдэн байгууллага, банкны салбарууд, бензин колонкууд, зах, хүнсний дэлгүүр, эмийн сан, үүрэн холбооны хэдэн операторуудаас өөр өнгөтэй өөдтэй ажиллаж байгаа газар алга.
Танай засгийн газар хэдэн үйлдвэрийн тууз хайчлах вэ? Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бүс нутагтаа үлгэр жишээ хөгжүүлж, загвар улс болъё.