Бензиний үнэ шат дараатайгаар нэмэгдэж бүх зүйлсийн үнийг нэмэх аюулын дохиог өгч эхэллээ. Тэгвэл өнөөдөр манай улсад үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа өөр нэг гол шалтгаан нь хил гаалийн ачаа тээврийн гацалт юм. Замын-Үүдэд бугшсан замбараагүй асуудлаас болж олон мянган хүн эд хөрөнгө, цаг хугацаагаар хохирч байхад эзэн суусан дарга нар нь ажлаа хийхгүй, гараа хумхин сууж байна. Тэр ч болоогүй авилгал, албан тушаалын хэрэгт нэр холбогдож, авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан хүмүүс ч Замын-Үүд боомтын шинэхэн даргаар томилогдож, ажил сайжруулах гээд барахгүй сууна.
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр дарга нар нь солигдсон ч Замын-Үүдийн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Томилогдсон ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа эдгээр хүмүүст өөрсдийн ПиАр-аа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь илүү чухал болчихжээ.
Тус боомтоор нэвтрэх ачаа тээврийн машинууд 10-14 хоног очерлож хилээр нэвтэрдэг байсан бол эрх мэдэлтэй шинэ дарга нар очсоноос хойш 15-28 хонодог, мөн дээр нь нэг дарга очоод буцахад ачааны үнэ тодорхой хэмжээгээр өсчихдөг болсон тухай ачаа тээврийн компаниуд хэлж байгаа юм. Тэгвэл ажлын байраа сэлгэн, нийслэлээс очсон дарга нарын гол төлөвлөгөөт ажил нь ариутгал халдваргүйтгэлийн хаалгыг солихоос хэтэрсэнгүй. Шинэхэн томилгоогоор сэлгээ хийж, тус боомтод бугшаад байсан олон асуудлыг шийдвэрлэнэ гэж ам гарсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдын үг ч биелэсэнгүй.
Эргэн сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч долдугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумд ажиллахдаа нэр бүхий зургаан даргыг авлига, албан тушаалын хэргээр ажлаас нь чөлөөлж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийг оронд нь томилсон.
Тухайлбал, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог ажлаас чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилсон бол Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг оронд нь гурван сарын хугацаатай томилсон байдаг.
Авлига, хээл хахуулийн эсрэг хатуу байр сууриа илэрхийлээд байгаа Ерөнхий сайдын томилогоо зөв байсан эсэх нь энд эргэлзээтэй. Учир нь Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар томилогдсон Б.Отгонсүх болон Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Л.Эрдэнэчулуун нар өмнө нь авлигын хэрэгт нэр холбогдож байсан муу түүхтэй.
Нэг ёсондоо авлигад холбогдсон хүмүүсийг өөр нэг авлигад холбогдож байсан хүмүүсээр сольсон уг томилгоо нь Замын-Үүдийн зогсонги байдлыг одоо ч хөдөлгөхгүй хэвээр байна уу гэх хардлага төрүүлж буй юм. Ямар сайндаа төрийн ажил хүртэл хил гаалийн асуудлаас үүдэн хоцронги байдалд орж эхэллээ. Муу нэр, луу данстай гэгчээр бүх л зүйлийн буруу нь КОВИД болчихоод байна. Угтаа энэ мэт зарим асуудал эрх мэдэлтэн, албан тушаалтнуудаас шууд хамааралтай. Замын-Үүдэд өмнө ажиллаж байсан дарга нар нь ажилдаа сэтгэл гаргаад халдваргүйжүүлэх ажлаа олигтойхон шиг хийгээд, хүн харахаас ч ичмээр ариутгалын хаалгаа аль эрт сольчихсон бол өнөөдөр байдал ингэж хүндрэхгүй байсан. Ядрахад яр гэгчээр элбэн тохинуулаар явуулсан дарга нар нь асуудалтайн дээр, ажил нь төдийлөн урагшилж өгөхгүй олон нийтийн бухимдлыг төрүүлсээр бараг бүтэн сар өнгөрлөө.
Үүнээс гадна нь сүр дуулиантайгаар ажлаасаа чөлөөлөгдсөн, авлигачдын хэрэг хаана гацчихав. АТГ, ТЕГ, ЦЕГ гээд бүхий л хууль хүчний байгууллагуудыг нэгтгэсэн томоохон баривчилгаа саяхан болсон атал энэ асуудал сураг тасраад удлаа. Угтаа бол Замын-Үүдэд томилогдсон дарга нар шоу хийж, аль хэдийнэ захиалчихсан хаалгыг суурилуулчихаад зургийг нь тал талаас нь авч сошиалд "сэвүүлж" суухын оронд ачаа барааг нэн яаралтай хилээр нэвтрүүлэх ажлыг л хиймээр байна.