Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Одоогоор барааны үнэ тогтвортой ч иргэдийн худалдан авалт муу байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 4 секунд

Коронавируст цар тахлын нөлөөнөөс үүдэн манай улсын эдийн засаг зогсонги байдалд хүрсэн. Энэ нь цаашлаад иргэдийн санхүүгийн чадварт ихээхэн сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм. Гэтэл нэгхэн сарын дотор буюу өнгөрөгч долдугаар сард шатахууны үнийг 600-750 төгрөгөөр нэмсэн нь гол нэрийн барааны үнийн өсөлтөд шууд нөлөөлөх хандлагатай байгаа юм.

Иймээс зарим зах худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн бараа болон мах махан бүтээгдэхүүний үнэ ямар байгаа, мөн иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа талаар сурвалжиллаа.

Хүмүүсийн хөлд ихээхэн дарагддаг зах бол яах аргагүй Баянзүрх зах. Гэвч тус захад иргэд худалдан авалт хийх нь тун бага харагдаж байлаа. Гартаа ганц нэг тор барьчихсан иргэд хүнснийхээ бүтээгдэхүүнийг бага багаар цуглуулж яваа харагдана.

Тус захын махны худалдаачин “Иргэдийн худалдан авалт үнэхээр муудсан байна. Махны үнэ харьцангуй багассан ч худалдан авч байгаа хүн ховор. Дээр нь энэ жил ноолуурын үнэ нэлээн өндөр байсан болохоор малчид малаа гаргаж зарах нь тун багасчихсан. Бид ч мөн лангууныхаа түрээсийг төлж, хэдэн хил мах зарж байж өдрийн хоолоо залгуулдаг. Гэтэл худалдан авалт хийх иргэдийн тоо улам л муудаад байна. Өнгөрсөн жилүүдэд махаа зараад нэлээд ашиг олчихдог байсан бол одоо түрээсээ л арай гэж төлж байна” гэв.

Баянзүрх захад хонины мах 10500-12000, үхрийн мах 12000-16500, адууны мах 10500-15000 төгрөгийн хооронд үнэтэй байлаа. Худалдаачин бүр дээр махны үнэ өөр өөр байсан ба энэ нь анх малчдаас авсан үнээсээ шууд хамаардаг байна. Мөн ястай, ясгүй, цул зэргээсээ хамааран үнийн хувьд өөр өөр байдаг аж.

Шинэ ургацын ногоо саяханаас гарч эхэлсэн ба ногооны үнэ харьцангуй багасчээ. Гэвч лууван өмнө байсан үнээсээ хоёр дахин нэмэгдсэн нь худалдан авагч иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж байлаа.

Тухайлбал, төмс, байцай зэрэг хүнсний ногооны үнэ харьцангуй багассан ч лууван, сонгино зэргийн үнэ бага багаар нэмэгдсэн аж. Саяхан л луувангийн үнэ нэг килограмм нь 2500 төгрөг байсан бол одоо 4500-5000 төгрөгийн хооронд болсон байна. Тухайлбал, Баянзүрх захад луувангийн үнэ 5000 төгрөг байгаа бол Бөмбөгөр худалдааны төвд 4500-5000 төгрөгийн хооронд байлаа. Харин байцай 2500 төгрөг болж буурсан бол төмс 700-800, шинэ ургацын төмс 1200 төгрөгөөр зарагдаж байгаа юм.

Худалдан авалтын талаар иргэдээс тодруулахад, “Ойрд хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулаагүй байж байгаад өнөөдөр цуглуулж байна. Зарим барааны үнэ харьцангуй нэмэгдсэн нь ил харагдаж байна. Яахав нэг, хоёр зуун төгрөгөөр нэмэгдсэн бол тэгж их анзаарагдахгүй байх. Харин бүхэл бүтэн 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн тохиолдолд яах аргагүй мэдэгдэж байна. Луувангийн үнэ л гэхэд 2500-аас 5000 болтлоо өсч. Зарим бараа өсөөгүй байгаа нь ч ажиглагдаж байна. Ер нь л коронавирусийн тархалтаас үүдээд хаана хаанаа үнийн өсөлтөд цохиулж байгаа шүү дээ. Дээр нь бензиний үнэ ч нэмэгдчихсэн. Тэгэхээр бусад барааны үнэ дагаад өсчих вий гэсэн айдастай байна даа” гэсэн юм.

Хүнсний ногооны худалдаачин луувангийн үнийн нэмэгдэл болон бусад ногооны үнийн талаар “Энэ жил луувангийн олдоц, ургац бага гарсан. Тийм болохоор лууван маш бага олдож байна. Энэ нь луувангийн үнэ өсөхөд ихээхэн нөлөөлж байгаа юм. Харин төмс, байцайны үнэ харьцангуй багассан. Ялангуяа байцайны хувьд ургац их гарсан учраас хүртээмжээ дагаад үнэ өртөг нь багасчихсан. Мөн хуучин төмсний үнэ багасаад 800 төгрөг болсон бол шинэ ургацын төмс 1200 төгрөгөөр зарагдаж байна” гэж хэлсэн юм.

Үүнээс гадна иргэд өдөр тутамдаа сүү сүүн бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүнийг ихээхэн хэрэглэдэг. Тэгвэл гол нэрийн бүтээгдэхүүний хувьд үнийн өсөлт төдийлөн нэмэгдээгүй байгаа нь харагдаж байлаа.

Тухайлбал, атар талх 1300 төгрөг, атар зүссэн талх 1500 төгрөгөөр зарагдаж байсан бол сүү 2800-3200 төгрөгийн хооронд зарагдаж байлаа. Мөн гурилны үнэ ч зургаадугаар сард байсан үнэнээс өөрчлөгдөөгүй байсан юм. Харин ургамлын тосны үнэ харьцангуй нэмэгдсэн нь хүнсний зах болон дэлгүүрүүдийн хувьд ажиглагдаж байсан юм. Тухайлбал, 2021 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар ургамлын тос дунджаар 4486 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 5500-7000 төгрөгийн хооронд болжээ.

Хүнсний бүтээгдэхүүний өсөлтийн талаар Чингэлтэй дүүрэг дэх нэгэн дэлгүүрийн эзнээс тодруулахад, “Барааны үнэ харьцангуй гайгүй байна. Гэхдээ хүмүүсийн байнга аваад байдаггүй, ялангуяа импортоор орж ирж байгаа бараануудын үнэ нүдэнд харагдахгүй байгаа мэт боловч маш их нэмэгдсэн. Түүнээс биш дотооддоо үйлдвэрлэж байгаа бараануудын өсөлт харьцангуй бага байна. Гэхдээ энэ олон бараанаас бүгдийг нь үнэ нэмэгдээгүй гэж хэлж болохгүй. Учир нь зарим нэг ундаа, тос зэрэг зүйлсийн үнэ их нэмэгдэж байгаа. Мөн үйлчлүүлэгчидийн хөл тасрахгүй байгаа ч өмнө нь авдаг байсан шигээ хүнс болон ахуйн хэрэглээний зүйлсээ их хэмжээгээр авч чадахгүй байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.

Иргэдийн хувьд нэг хэсэг нь барааны үнэ өссөн байна гэх хандлага гаргаж байгаа ч нөгөө хэсэг нь үнийн хувьд тийм ч ач холбогдол өгдөггүй байна. Тухайлбал, иргэн A“Миний хувьд хүнс, барааны үнэ сонирхох завгүй байдаг тул үнийн өсөлтийн талаар тийм ч тодорхой мэдэхгүй байна. Ер нь ажилгүй хүмүүс л үнэ их ярьдаг. Ядуу амьдарна гэдэг бол залхуу л хүний ажил. Миний хувьд хөлсөө дуслуулаад цалингаа аваад тэр мөнгөөрөө хүнс болон хэрэгцээтэй зүйлсээ цуглуулчихдаг болохоор үнэ дээр төдийлөн ачаалал өгөөд байдаггүй юм” гэсэн юм.

Зарим зах, худалдааны төвүүд болон хүнсний дэлгүүрүүдийн барааны үнийг ажиглахад харьцангуй тогтвортой байгаа нь ажиглагдаж байна. Гэвч иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч, сардаа нэг хүнсээ цуглуулдаг байсан иргэд долоо хоногтоо эсвэл хоногийнхоо хүнсийг арай гэж авах тохиолдол элбэг байгаа талаар худалдаачид хэлж байлаа.

ТОКИО-2020: М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 252 кг-ыг өргөж дөрөвдүгээр байранд орлоо
ТОКИО-2020: М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 252 кг-ыг өргөж дөрөвдүгээр байранд орлоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.