Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Замын-Үүдийг тойрсон замбараагүй асуудлаа хэзээ шийдэх вэ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 4 секунд

Цар тахал дэгдэж эхэлсэн цагаас хойш боомтуудын асуудал олон хүний анхаарлын төвд орсон. Ялангуяа манай улс дотооддоо халдвар алдсанаас үүдэн ачаа тээврийн эргэлт багасч, үнэ өртөг нэмэгдсэн. Үүнээс гадна барааны эргэлтийн хугацаа уртасч, чамгүй асуудлууд тулгараад байгаа юм.

Тодруулбал, өнгөрөгч 2020 оны нэгдүгээр сараас ачааны үнэ бага багаар өссөөр 2021 оны долдугаар сард нэг ачааны машин 60 мянган юаниас дээш үнэтэй болжээ. Харин нэг килограмм ачааг өнгөрсөн тавдугаар сард 800 төгрөгөөр авдаг байсан бол одоо 2000-4000 төгрөг болтлоо өссөн байна.

Үнийн өсөлтийн шалтгааныг иргэд Замын-Үүд боомтын ариутгалын хаалганы стандарт шаардлага хангаагүйгээс үүдсэн гэх таамаг дэвшүүлж байгаа. Өмнө нь Замын-Үүд боомтоор Эрээн рүү 200-300 машин гарах боломжтой байсан ч одоо ердөө 100-150 машин гарч байгаа аж. Энэ нь хүрэлцээгүйн дээр Эрээн рүү жолоочид өөрсдөө гарч чадахгүй, ахин өөр жолоочтой хөлсөө тохирч бараагаа ачуулж байгаа талаар тээвэрлэлт эрхлэдэг компаниуд хэлж байгаа юм.

Тухайлбал, карго компанийн үйлчилгээ эрхлэгч иргэн Н “Манай карго нэг килограмм ачааг 2000 төгрөгөөр авч ирж байгаа. Гэвч үүн дээр 50 хувийн нэмэгдэл гээд ахин 1000 төгрөг нэмэгддэг. Энэ нь юу вэ гэхээр, жолоочид маань өөрсдөө Эрээн орох боломжгүй учир тэндээсээ өөр нэгэн жолоочтой тохиролцож байж бараагаа татаж байгаа гэсэн үг. Үүнээс үүдэн 50 хувийн нэмэгдлийг авч байна. Одоогоор манай карго 3-5 өдрийн дотор бараагаа ачиж ирж байгаа. Дээр нь хугацаа уртсаад байгаа нь хэд хэдэн удаа шалгуулж, ариутгал хийлгэж, бараагаа тоолж байгаатай холбоотой. Олон дахин бараа зөөснөөс үүдэн зарим бараа эвдрэх гэмтэх тохиолдлууд гарч байна. Мөн онлайн шопуудын захиалсан бараа дутуу ирэх ч тохиолдол байгаа. Энэ нь чанаргүй, муу дэлгүүрүүдээс их хамаардаг. Учир нь тухайн дэлгүүр барааг ачуулсан гэж мэдэгдсэн ч дутуу гаргасан тохиолдол байдаг. Тиймээс бараа захиалж байгаа иргэддээ хэлэхэд дэлгүүрээ сайн судалж байж бараагаа захиалах шаардлагатай шүү” гэлээ.

Замын-Үүдийн асуудал өнөөг хүртэл дорвитой шийдэлд хүрээгүй. Угтаа Монгол Улсын засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, дарга нарыг нь сольж, хэд хэдэн удаа нөхцөл байдалтай нь танилцсан ч одоогоор ямар ч үр дүнгүй байна. Өнгөрсөн баасан гараг буюу 2021 оны долдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүдийн хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцсан ба ариутгалын автомат хоёр байгууламжийг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байгаа тухай мэдээллийг өгсөн.

Ачаа тээврийн талаарх асуудлаар МХЕГ-ийн дэд дарга Д.Энхсайханаас тодруулахад, “Хил дээр үүсээд байгаа асуудлыг ариутгалын төхөөрөмжөөс үүдээд байгаа гэсэн буруу ойлголттой байна. Энд импортын тал дээр асуудал байгаа юм. Эрээн дээр иргэдийн барааг тараагаад хаячихсан. Тэнд эвдрэл гэмтэл үүсдэг. Сая засгийн газраас энэ ажлыг хурдасгах зорилгоор очиж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор манайхаас гарч байгаа машин цаашаа гараад, буцахдаа хоосон ирж байгаа. Тиймээс овоорсон ачааг аль болох түргэн шуурхай, эвдрэл гэмтэлгүй авч ирэх талаар бүгд ажиллаж байна. Энэ тал дээр төмөр зам, зам тээврийн яам бас ажиллаж байгаа. Удахгүй асуудал бүрэн шийдэгдэнэ” гэх мэдээллийг өглөө.

Үнэхээр иргэдийн зүгээс бараа хэт хоцрох, дутуу ирэх зэрэг асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн өмнө нь захиалсан бараандаа бага мөнгө өгдөг байсан бол өнөөдөр тэр мөнгөө хэд дахин нэмж төлөөд байгаа нь санхүүгийн хувьд ч хүндрэл учруулаад буй. Нэгэнт захиалчихсан барааг авахгүй гэх учиргүй болохоор заавал каргоныхоо үнийг төлөхөөс өөр аргагүй байдалд хүрээд байна.

Энэ тал дээр нэгэн онлайн шопын захирал дараах зүйлийг ярьсан юм. Тэрбээр, “Хэд хэдэн карго компаниар бараагаа татуулдаг. Гэвч сүүлийн хоёр, гурван сар маш хүндрэлтэй байлаа. Бараа захиалсан иргэд маань бараагаа хурдан авах шаардлага их тавьдаг. Харамсалтай нь бидний шийдэх асуудал биш тул хүлээлгэхээс өөр аргагүйд хүрдэг. Үүнээс хүүдэн захиалагчдаа ч алдахад хүрсэн. Мөн зарим каргонууд арай шуурхай, зарим нь их удаж ирж байна. Бусад онлайн шоп болон бараа захиалсан иргэд ч энэ талаар ярьж байна лээ. Мөн зарим тохиолдолд бараа дутах явадл элбэг гарсан. Хаанаас алга болсон эсвэл наашаа гаргасан эсэх нь тодохойгүй. Ингээд зарим үйлчлүүлэгчийнхээ барааг дахин захиалах хэрэг нэг биш удаа гарсан. Мөн үнийн хувьд ч хэд дахин нэмэгдсэн байна лээ. Каргонуудын захирал бидэнд аль болох ойлгогдохоор тайлбарлаж өгдөг. Тийм ч учраас бие биенээ ойлгон, бараагаа захиалж байна” гэлээ.

Мөн мэргэжлийн байгууллагуудын хайхрамжгүй, хоорондоо уялдаа холбоогүй байдгаас үүдэн боомтуудад асуудал тулгардаг байна.

ГЕГ-ын Хуулийн Хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа уг асуудлын талаар “Хилийн хяналтын байгууллагууд Замын-Үүдийн боомтоор аль болох түргэн шуурхай ачааг гаргая гэж байгаа. Гэхдээ хэд хэдэн хүндрэл үүсч байгаа юм. Тээвэрлэлт эрхэлж байгаа ААН-үүд ачаа барааны эзэдтэй үнэ хөлсөө тохирон тээвэрлэлтээ хийж байна. Тиймээс тээврийн хөлсний асуудалд төрийн байгууллага орох боломжгүй. Энд тээвэрлэгчдээс өндөр дүн хэлдэг. Тэгэхээр талууд хоорондоо маргаан дагуулдаг. Харин Хятдын талаас маш сайн ариутгасан ачааг хил гарга гэж байгаа. Монголоос гарч байгаа машинуудыг хилийн хяналтын байгууллага сайн ариутгаад байдаг ч доторх ачаа барааг сайн ариутгахгүй байгаа. Хэрэв ачаа бараагаа мөн аюулгүй болгочихвол Хятадын талаас тээврийн хэрэгслийн тоог нэмэх боломжтой. Хятад манайхаас гарч байгаа ачааг ариутгал муу байна гэж үзээд машины тоог багасгаад байдаг. Энэ 100-150 гарч буй машин бол өмнөхөөс илүү бага гарч байгаа юм” гэсэн юм.

Карго нь гацсан иргэд фэйсбүүк групп үүсгэсэн бөгөөд өөрт тулгамдаж буй асуудлаа нийтэлдэг. Иймд иргэдийн зүгээс шаардлагатай байгууллагууд нь хяналт шалгалтын ажил хийхийг шаарддаг байна. Иймээс бид ШӨХТГ-аас дараах мэдээллийг авсан юм.

Тодруулбал, “2021 оны III, IV сард Монгол Улсын Шадар Сайдын тушаалаар манайх хяналт хийсэн. Ингэхэд нэг машин 30 сая төгрөгөөр тээвэрлэлт хийж байсан. Үүнд хяналт хийхэд есөн иргэн, нэг ААН дээр арга хэмжээ аваад, хууль бусаар олсон орлого буюу нийт 281 сая төгрөгийн зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн. Түүний дараа тээвэрлэлтийн үнэ тодорхой хэмжээнд буурсан. Одоогоор бидэнд тавдугаар сараас хойшх мэдээлэл ирээгүй байна. Дээр нь барилгын материалын үнэ нэмэгдсэн талаар манай дээр гомдол ирж байгаа. Гэхдээ манайх үнэ хянадаг байгууллага биш. Тийм учир хянах боломж байхгүй юм. Харин хөл хорио тогтооход манайх хяналт тавьж ажилладаг” гэв.

Харин АТҮТ-ийн зүгээс “Коронавирусийн халдвар дэгдэж эхэлсэн цагаас хойш боомтуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Замын-Үүдийн боомтын тухайд хоёр удаа хязгаарлалт тавьсан. Гэхдээ энэ нь Монголын талаас тавьсан хязгаарлалт биш. Хятадын тал Монголын талаас хүлээж авах машины тоог багасгасан учир тасалдсан. Одоогоор нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр өдөрт 100 хүртэлх машин авъя, нүүрсний 10 машин оруулъя гэсэн санал тавьж байгаа. Харин цаанаас орж ирэх машины тоонд хязгаарлалт байхгүй. Эрээн дээр бараа бүтээгдэхүүний бөөгнөрөл үүсээд байгаа шалтгаан нь хэвийн нөхцөлд гардаг байсан машины тоо хэд дахин багасахаар яах аргагүй бөөгнөрөл үүсгээд байгаа юм. Өдөрт гаргаж байгаа машины тоог нэмж байж ачаа бараагаа бүрэн татах боломжтой. Мөн төмөр замыг ашиглаж байж үүнийг богино хугацаанд цэгцлэх боломжтой гэсэн үг. Төмөр замын хоосон орж ирдэг вагон дээр ачаа ачих боломж байгаа” гэх мэдээллийг өглөө.

Аль ч шатны байгууллагуудын зүгээс тээвэрлэлтийн машины тоог нэмбэл боомтын асуудал шийдэгдэх боломжтой талаар дурьдаж байгаа юм. Хятадын талаас ариутгал сайн хийвэл машины тоог нэмэх боломжтой талаараа ч дурьдсан байдаг. Иймээс ариутгал, халдваргүйтгэлээ сайн хийж чадвал машины тоог нэмэх бүрэн боломжтой юм. Хэрэв өдөрт дор хаяж 200 машин орвол эрээн дээр овоорсон олон мянган ачаа түргэн шуурхай ирэх боломжтой болж хэд дахин нэмэгдсэн тээврийн зардал ч дагаад багасах боломжтой.

Т.Алтанзагас

ТОКИО-2020: Монголын багаас хүргүүлсэн гомдлын хариу ирээгүй байна
ТОКИО-2020: Монголын багаас хүргүүлсэн гомдлын хариу ирээгүй байна
 
Л.Энх-Амгалан: Миний багцад хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр л байгаа шүү дээ. Хүүхдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасаж болохгүй
Л.Энх-Амгалан: Миний багцад хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр л байгаа шүү дээ. Хүүхдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасаж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.