"Токио 2020" зуны олимп нээлтээ хийгээд найм хонож байна. Энэ хугацаанд Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар нар олимпын хоёр хүрэл, эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 кг жинд жүдоч Саид Моллай мөнгөн медалийг эх орондоо авчраад буй.
Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу манай буудлага, жүдо бөх болон усан сэлэлтийн тамирчид тэмцээндээ оролцож байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая 50 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд манай сэлэлтийн шигшээ багийн тамирчин Мягмарын Дэлгэрхүү оролцож байна.
ОУХМ Мягмарын Дэлгэрхүү тэмцээнийхээ тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлэв. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. М.Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьж байна. Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй. Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна. Тун удахгүй Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих юм.
М.Дэлгэрхүүгийн хувьд УАШТ-ий 19 алт, 7 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн юм. Түүнчлэн Монголын усанд сэлэлтийн тамирчид "Сидней-2000" олимпоос эхлэн, 6 удаагийн наадамд оролцсон байдаг.