АИ-92 болон А-95 шатахууны үнийн талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бензиний үнэ тонн тутамдаа 38 ам доллараар, дизель түлш 10 ам доллараар нэмэгдэж орж ирлээ. Ийнхүү үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглэдэг А92 бензин 695 ам доллараас 733 ам доллар болтлоо нэмэгдсэн. Үүнийг нийт өртөг рүү тооцвол ойролцоогоор 2000 төгрөг болж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд харьцангуй ам долларын ханш өсөлт, бууралтгүй явж ирсэн. Өнгөрсөн жилийн өдийд нэг тонн А92 авто бензин ойролцоогоор 260-280 ам доллар байсан бол өнөөдрийн байдлаар 733 ам доллар өсөлттэй орж ирсэн. Мөн цаашдаа газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлага ажиглагдаж байгаа.
Гадаад зах зээлийн манай дотоодын жижиглэнгийн бензиний үнэд шууд нөлөөлдөг. Учир нь Монгол улс үйлдвэрлэгч орон биш. 2021 оны нэгдүгээр сараас газрын тосны зах зээл тасралтгүй өслөө. Засгийн газраас үйлдвэрлэгч компаниудтай танилцаж, үнэд нь анхаарах асуудлыг ярьсан.
Ганцхан бензиний үнээс илүүтэй нөөц, чанарын асуудлыг авч үзэх ёстой. Өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард нэг А92 бензины литрийн үнэ 1830 төгрөг байсан. Улаанбаатар хотын хэмжээнд 1304 хүртэл хямдруулж байсан. Томоохон ААН, байгууллагууд нэг литрт нь 50 төгрөгийн буцаалт, гурван хувийн хөнгөлөлттэй эдлэх өөрсдийн менежментийн хүрээнд авч хэрэгжүүлсэн. 2017 онд нэг литр бензин 1950-д байранд хүрч байсан. Засгийн газар 2018 онд АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэсэн. 2020 онд бензин импортлогч компаниудтай гэрээ байгуулж ажилласан. Үүний дүнд 2020 оны тавдугаар сараас хойш үнийн өсөлт явагдаагүй.
Хэрвээ үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэх асуудал гарсан бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авч ажиллана. Гэхдээ одоогийн нөхцөлд гадаад зах зээлд үнийн өсөлт явагдаж байгаа учраас ард иргэддээ ойлгуулах нь зөв.
Одоогоор шатаахууны хомсдолд орсон зүйл байхгүй. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн тухай хуулинд 30 хүртэлх хоногийн нөөцийг хадгалж байх ёстой. Наймдугаар сард импортоор А95 бензинийг нийлүүлж чадахгүй байх гэсэн албан ёсны хариуг манайд өгсөн. Гэхдээ нөөц бидэнд байгаа.
Шатахуун түгээх станцуудад хийгдсэн шалгалтаар АМГТГ-ын уул уурхайн төв лабораториос 74 автобензинд шинжилгээ хийж ажилласан. Манай авсан шинжилгээгээр аль ч сорьцод механик хольц илрээгүй. Мэргэжлийн хяналтын хийсэн шинжилгээнд нэгдүгээрт, багж хоорондын хүрэлцэх алдааг тооцоогүй. Хоёрдугаарт, хоёр дээж хоорондын харьцуулсан дүгнэлтийг хийгээгүй гэж бид үзэж байгаа” гэлээ.