Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын талтай Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсын боомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Мөн БНХАУ-ын талтай Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.