Түлхүүр мэдээлэл:
- Хятадын корпораци худалдан авах хэлэлцээр (2020.03.10) өндөрлөсөн байна.
- 90 сая ам.доллараар худалдаж авчээ.
- 400 ажилтныг цомхтгож 3,200 ажлын байрыг хадгалж байгаа
Их Британийн гангийн хоёр дахь том компанийг Хятадын корпораци худалдан авах хэлэлцээр (2020.03.10) өндөрлөсөн байна. Тодруулбал, “British Steel” компанийн гангийн үйлдвэрүүдийн хувь эзэмшлийг 90 сая ам.доллараар Хятадын төмөрлөгийн “Jingye Group” корпорац худалдан авжээ.
Хувь эзэмшилд Их Британи дахь гангийн 3 үйлдвэр, Нидерланд дахь 2 үйлдвэр багтсан байна. Ингэснээр дампуурахад хүрээд байсан “Teesside Beam Mill” болон “Skinningrove” зэрэг гурван гангийн үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ “Jingye Group” корпорацийн Ерөнхий захирал Ли Хуймин мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, энэхүү хэлэлцээр амжилттай болсноор “British Steel” компанийн 400 ажилтныг цомхтгож 3,200 ажлын байрыг хадгалж байгаа юм.
Брекситийн нөхцөл байдлын улмаас алдагдалд хүрсэн үйлдвэрүүдээ сэргээхэд төрөөс 38 сая ам.долларын зээл “British Steel” компани хүссэн боловч татгалзжээ. Тиймээс олон улсын томоохон төмөрлөгийн компаниудад санал тавьсан байна. Хятадын корпорацтай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцээрийг эхлүүлсэн аж.
Эх сурвалж: CNN