Манай улсад хүчтэй гэж тооцогдохуйц хэд хэдэн удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Өчигдөр өглөө л гэхэд Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдсэн юм. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, А.Мөнхсайхантай уулзаж ярилцлаа.
-Өчигдөр өглөө Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Ингэж ойрхон давтамжтай газар хөдлөлт болж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Өчигдөр өглөө 09.12 минутанд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 5.5 магнитудын хүчтэй гөзөр хөдлөлт болсон. Түүний чичирхийлэл Улаанбаатарт мэдэгдсэн болохоос газар хөдлөлт болоогүй. Улаанбаатар хотын хувьд Эмээлт өртөө орчимд 2005 оноос газар хөдлөлийн идэвхжил өндөр болсныг бид тогтмол мэдээлж байгаа. Жишээ нь, 2013 онд бага, хүчтэй 2184 газар хөдлөлт бүртгэгдсэний дийлэнх нь арванхоёрдугаар сард болсон байдаг.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн аюулын эрсдэлийг Улаанбаатар хотоос зүүн зүгт 5, 6, 7 балл, Иргэд өөрөө хаана байх нь хамаагүй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэхээрээ л түүнийгээ газар хөдлөлт гэж ойлгож байна. Оросын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлт ч манайд мэдэгдэж болно.
-Ойр ойрхон газар хөдлөлт болж байгаа нь юутай холбоотой вэ?
-24 цагийн хугацаанд 300-гаад газар хөдлөлт Монгол орны нутаг дэвсгэр болоод хил орчмын бүс нутагт болж байдаг. Иргэд мэдэрдэггүй. Энэ тоог хүмүүсд хэлвэл итгэхгүй. Энэ чинь зөвхөн багажинд мэдрэгдэж байгаа зүйл. Иргэд хүчтэй хөдлөлт мэдрээд ирэхээрээ л газар хөдлөлт ихсээд байна гэж ойлгож байна.
-Ойр ойрхон газар хөдлөх нь хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Газар хөдлөлт нь хоромхон зуур болдог учир хүний биед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй. Харин хүчтэй газар хөдлөлтийн өмнө геофизикийн орон өөрчлөгдөх, газрын гүний усны төвшин дээшлэх магадлалтай тул газар доор байгаа амьтад газрын гадаргуу руу гарах гэж тэмүүлнэ. Мөн газар хөдлөхийн өмнө хүчтэй шахалтын улмаас хавтан хоорондын үрэлтээр хүнд сонсогдож мэдрэгдэхгүй ч гэрийн тэжээвэр амьтанд сонсогдох чимээ нь тухайн газраас зугтах, явахад хүргэдэг байна. Энэ мэт шинж тэмдгүүдийг эрт дээр үеэс ашиглаж сэрэмжилж ирсэн байдаг. Тэгэхээр иймэрхүү үзэгдлүүдийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Хүчтэй газар хөдлөлт 15-20 секундын хооронд болж өнгөрдөг. Энэ үед хүн ухаан алдана, дотор муухайрах, айж сандрах гэсэн шинж тэмдгүүдийг өгдөг.
-Монгол орны нутаг дэвсгэрийн аль хэсэг нь идэвхтэй бүсэд ордог вэ?
-Ерөнхийдөө хүчтэй газар хөдлөлт болсон газраа л дахин болдог. Дээр хэлсэнчлэн 1905 онд болсон Цэцэрлэгийн Булнайн газар хөдлөлт нь Хөвсгөл нуураас Архангай хүртэл 375 км урттайгаар хагарлын бүс гаргасан. Говь-Алтайн газар хөдлөлтөөр 275 км урттай газар хагарсан. Тэгэхээр энэ газар хагарсан хэсгийн сүүлийн 10 мянган жилд идэвхтэй гэж үздэг. Харин 10 мянган жил дотроо газар хөдлөөгүй бол идэвхгүй хагарал гэж нэрлэдэг. Улаанбаатар хотод гэхэд л 15 хагарал байдгаас 4 хагарал нь идэвхтэйд тооцогдож байна. Тухайлбал, Гүнжийн хагарал, Хустайн нуруун хагаралтууд нь одоо идэвхтэй байдаг.
-Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн хэд хэдэн идэвхтэй газар бий. Тэгэхээр газар хөдлөлтийн үед хотын барилга байшингууд хэр тэсвэртэй гэж та үзэж байна вэ?
-Тоосгон байшингууд бол 8 баллын газар хөдлөлтөд эвдрэх маш өндөр эрсдэлтэй. Ашиглалтын хугацаа дууссан, горим алдагдсан барилгууд нь газар хөдөлсөн ч, хөдлөөгүй ч өөрсдөө нурж эвдэрч байгаа. Тэгэхээр нийслэлд байгаа хугацаа нь дууссан барилгуудыг нурааж орчин үеийн стандартын дагуу бүрэн цутгамал байшин баригдаж байгааг бид дэмжих шаардлагатай юм. Гэхдээ манайх эрсдлийн үнэлгээ хийдэг байгууллага биш учраас хэлж мэдэхгүй байна.
-Газар хөдлөлтийн түвшинг балл болон магнитудаар хэмжиж тодорхойлдог. Тэгэхээр энэ хоёр хэмжүүрийн ялгаа юу вэ?
-Баллыг хүний харж мэдэрсэн мэдрэмжээр тооцож балл гэж дүгнэдэг. Харин магнитуд гэдэг нь багажаар тооцсоныг хэлж байгаа юм. Тухайн хүний мэдэрч харж байгааг балл гэж тооцдог гэсэн үг. Тэгэхээр Сэлэнгэд болсон газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдсэн төдий зүйл. Ямар нэг хор нөлөө байхгүй гэсэн үг
-Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болох уу?
-Дэлхий дахинаа газар хөдлөлт судлаачдын ганц зорилго нь газар хөдлөлтийг урьдчилан хэлэх. Гэтэл одоо дэлхийн ямар ч эрдэмтэн газар хөдлөлтийг урьдчилж хэлээгүй байна. Гэхдээ нөхцлүүдийг ажиглаж болдог, хөрс усны түвшин дээшлэх зэрэг хяналтуудыг хийж болдог. Онолын түвшинд судалгааны ажлууд явагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.