Хүний их эмч, Манба дацан хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж. Хэвлэлийн бага хурлын үеэр.
Өнөөдөр ЭМЯ-ны Хэвлэлийн бага хурлын үеэр Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд ЭМЯ-тай хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ. Тодруулбал, хүний их эмч, Манба дацан хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж:
" Энэ өвчний үед бид төр засагтайгаа хамтарч, Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн Монголын уламжлалт анагаах ухааны тусламжийг авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө авч байна. Бидэнд өмнө нь H1N1 халдвар дээр ХӨСҮТ-тэй хамтран маш сайн ажиллаж байсан туршлага байгаа. Монгол улсад маань өрнийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан 2 зэрэгцэн оршиж буй том давуу тал байна. Тиймээс маш сайн үр дүнд хүрэх бололцоотой хэмээн үзэж, хичээн ажиллаж байна" гэсэн юм.
Мөн тэрээр өвчилсөн хүнийг болон өвчнийг нь анагаах гэж буй хүмүүсийг хүндэлж, өөрсдийнхөө бие, хэл сэтгэлийг амар амгалан байлгах хэрэгтэйг өргөн олонд санууллаа. Ялангуяа хаврын цаг ирж буй энэ үед бие, сэтгэл хямрахын хэрээр ердийн өвчин ч тусах магадлал өндөр байдаг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахад тайван байдал хамгийн чухал гэлээ.