Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: “Зөв амьдрах ухаан“ ТББ-ын ӨНӨӨДӨР

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 24 секунд

“ЗАГДААГИЙН хүмүүс гудамжинд гарчээ” гэх сэтгэгдлүүд урсаж, харин түүний хариуд нийгмээрээ хоёр талцаж “тоглоно”. Сүүлийн хэдэн өдрүүдэд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаа, түүний харьяанд байсан иргэдийн талаарх чих дэлссэн мэдээллээр цахим сүлжээ амьсгаллаа. Нүхэн гарцад суух хоёр иргэн Г.Загдаагийнхаас явснаас хойш бор дарсанд орж, хорвоогийн өнөө маргаашийг дуулж олсон хэдэн төгрөгөөрөө арайчүү аргацааж буй тухай мэдээлэл ч хөврөв. “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа түүний эхнэр Г.Амарсайхан нар хоёул хэцүү нэртийн хаалга татсанаас хойших тус төвийн ӨЧИГДРИЙН ба ӨНӨӨДРИЙН нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Зайгүй шахам эгнүүлэн барьсан гэрүүдийн ихэнх нь байхгүй байлаа. Хашаанд хүний хөл хөдөлгөөн хааяа нэг л үзэгдэхээс хүүхдийн дуу ч үгүй. “Амараа эгч гэртээ бий” гэсээр тус төвд амьдардаг нэгэн биднийг тослоо. Ийнхүү бид Г.Загдаа гуайн эхнэр Г.Амарсайхантай уулзаж, түүнтэй төвийн одоогийн нөхцөл байдал хэр байгаа талаар хэсэг ярилцав.

“Хоёр хоногийн өмнө гурван хүүхдээ хөтөлсөн халамцуу эмэгтэй ирж, тусламж гуйсан”

“Зөв амьдрах ухаан” ТББ нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Г.Загдаа, Г.Амарсайхан нар 2020 оны арван нэгдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял сонссон. Хэцүү нэртэд найман сар сууж гарч ирсний дараа 130 гаруй хүнээс 20 гаруйхан нь үлдэж, нэг хүн нас барсан байж. Г.Амарсайхан “Бид хоёрыг явах үед манайд 0-76 насны 130 иргэн амьдарч байсан. Ингэхдээ 0-16 насны 60 хүүхэд байсан. 16-76 насны 70 гаруй иргэн байсан юм. Би долдугаар сарын 9-ны өдөр суллагдаж, гарч ирсэн. Намайг ирэхэд 18 том хүн, таван хүүхэд л үлдсэн байна. Бусад нь бүгд гарсан байна. Тэд маань биднийг нийслэлийн шатны шүүхээс цагаатгана гэсэн хүлээлттэй л байж. Энэ хэд маань гэлтгүй бид хоёр ч дээд шүүх арай өөрөөр шийдэх байх гэж бодсон ч ял оноосон. Намайг гарч ирэхээс хоёр сарын өмнөөс ихэнх хүмүүс маань гарч эхэлсэн байна лээ” гэв. Тэрбээр гарч ирсэнээсээ хойш төвөөс явсан хүмүүстээ сураг ажиг тавьсаар өдийг хүрчээ. Ингэхдээ тус төвийг мэддэг ард иргэд ч холбогдож харьяанд байсан хүмүүсийнх нь нөхцөл байдлын талаар хэлж буй гэнэ. Тэрбээр энэ талаар “Дөрөв, таван хүүхдээ аваад гарсан гэр бүлүүд ч байна. Тэдний нөхцөл байдал маш хүнд байгаа. Нэг хүүхэд гайгүй ажил хийж байгаа сураг байна. Архины хамааралтай эцэг, эхтэйгээ явсан хүүхдүүд их хэцүү байдалд амьдарч байгаа байх. Зарим айлын нөхрүүд нь удаа дараа баривчилгаанд явах, хүүхдээ зодох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял авах хэмжээнд ч очсон хүмүүсийн талаарх мэдээ, мэдээллүүд надад ирж байгаа Харамсалтай. Гурав хоногийн өмнө гурван хүүхдээ хөтөлсөн халамцуу нэг эмэгтэй ч ирсэн. Ирэхдээ архи уусан байсан болохоор бид шууд хүлээн авах боломжгүй гээд явуулсан” гэсэн юм.

“Найман сар хоригдох хугацаанд улсаас нэг ч удаа мөнгө төгрөг өгсөн удаа байхгүй”

“Уйлах нь аргагүй ээ, нөгөө мөнгө өгдөг хэд нь бүгд явчихсан болохоор” гэх сэтгэгдлийг хараад хүмүүс зөв ч , буруу ч үргэлж миний ярьсныг мушгиж ойлгоод байх юм даа гэх бодол төрсөн талаар тэрбээр хэлж байлаа. Г.Загдааг хоригдохоос өмнө ч “Зөв амьдрах ухаан” ТББ-аас салдаггүй сэдвүүдийн нэг нь улсаас олгодог санхүүжилт, төсвийн талаарх асуудал. Тодруулбал, хүн бүрийн тоогоор улсаас хувьсах зардал авч хувьдаа машин унаа, байшин бариулсан гэх мэдээлэл. Г.Амарсайхантай ярилцах зуурт энэ талаар асуухад “Зөв амьдрах ухаан” ТББ-ын иргэн бүрийн тоогоор улсаас хувьсах зардал өгдөг зүйл байхгүй.

Бид хоёрыг төрийн мөнгийг авдаг, 470, Ланд-200 маркийн машин унадаг л гэнэ. Миний нөхөр өөрөө маш хөдөлмөрч хүн. Зах зээлээс өмнө бид хоёр багш хийдэг байсан хүмүүс. Одоо ч хувийн аж ахуйн юмнуудаа хийгээд л явдаг. Төсөл хэрэгжихээс өмнө ногоон 470 машин унадаг л байсан. Ногоон 470-ынхаа оныг нь сэргээгээд цагаан 470 авсан юм. Ус зөөдөг ногоон машинаа сольсон. Энд нийгэмшиж, ажиллаж буй нэлээн хэдэн иргэн хувьдаа машин унаа авсан. Тухайн хүмүүсийн машиныг цуг тавихаар хашаагаараа дүүрэн машинтай гэж хүмүүс хэлдэг.

2013 онд энэ байрыг ЖДҮ-г дэмжих зээлийн сангаас 190 сая төгрөгийн зээл авч, энэ байрыг барьсан. 190 сая төгрөгийн зээл авахын тулд барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан учраас зээлийн батлан даалтын санд зарим хувийг нь даагаад бид тухайн зээлийг авсан. Зээл маань одоо хүртэл дуусаагүй. Есөн сая төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлийн батлан даалтын санд ч сар бүрийн төлөлтөө хийгээд явдаг. Тэгэхээр л хүмүүс бид хоёрыг төрийн мөнгөөр барилга барьсан, жийп унасан хүмүүс гэх яриа гараад байдаг. Яриа гарах яахав. Бодит амьдрал ийм л байна. Намайг найман сар хоригдох хугацаанд улсаас нэг ч удаа мөнгө төгрөг өгсөн удаа байхгүй” гэж байлаа.

“Г.Загдаа бид хоёр эцсээ хүртэл төвийнхөө ажилд оролцсоор байх болно”

Гэр бүлээр нь эргэн нийгэмшүүлдэг байгууллага тийм ч их биш хэмээн Г.Амарсайхан хэллээ. Ингэхдээ найман сарын хугацааны дараа тарж бутарсан нөхцөл байдал өөрийг нь угтсан ч төвдөө амьдрахаар зориод ирсэн хүмүүст туслах байр суурьтай байгаа гэв. Тэрбээр “Бид хоёр эцсээ хүртэл төвийнхөө үйл ажиллагаанд гар бие оролцоно. Зарим хүмүүс энэ байдлаасаа шантраад үйл ажиллагаагаа зогсооно гэж харж байж болох. Бид энэ ажлаа хийсээр байх болно, хүмүүст тусалсаар байх болно. Хөрөнгө санхүүгийн хувьд орлого, үйлдвэр таг зогссон байдалтай байна.

Одоогийн нөхцөлд шууд ирсэн хүн бүрийг хүлээгээд авах боломжгүй. Гэхдээ ажлаа яаравчлах шаардлага үүсч байна гэж харсан. Учир нь цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа үед хүүхдүүд халдварт өртвөл яах вэ, тэд халдвар хамгааллаа баримтлахгүй явж байгаад өвчин тусвал яах вэ. Тиймээс яаралтай урьдчилан сэргийлэх үүднээс яаралтай авах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Гэхдээ буцаж ирэх хүмүүсээ халдвар авсан эсэхийг нь хэрхэн тогтоож, шинжилгээ авах талаар санаа зовж эхэлж байна. Энэ талаар мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж, шийдвэрлэнэ.

Урьд нь энд байхдаа тухайн хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж байсан. Өдөр тутам халууныг нь үзэж, амны хаалт зүүлгэх, гарыг нь ариутгах, гадагшаа нийгмийн харилцаанд оруулахгүй тохиолдолд тусгаарлах, хүнс, хоолыг нь нэгдсэн журмаар авч ирж тушаах гэх мэтчилэн арга хэмжээ авч ажилладаг байсан” гэв.

“Нэг ч гэсэн иргэнийг нийгэмшүүлж, төлөвшүүлнэ гэдэг маш том үр дүн”

Гэр хорооллын гудмаар өгсөх тусам өнөөдрийн нийгмийн цэвүүн гэмээр дүр зурагтай хэдэнтээ тааралдав. Тэд бол хашааны мухар, өнцөгт сүүдэрлэн суусан шигээ хэд гурваараа архи тойруулан суух эрчүүд бас эмэгтэйчүүд. Магадгүй эдний дунд “Зөв амьдрах ухаан” ТББ-аас гарсан хүн байхыг хэлж мэдэхгүй. Ийнхүү ажиглан явсаар бид гурав хоногийн өмнө тус төвд ажилласан Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхтэй уулзаж, хэдэн зүйл тодрууллаа.

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх тус төвд ажиллахдаа цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд дүүрэг, орон нутгийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн аж. Тэгвэл тус төвийн нөхцөл байдал албаныхны нүдэнд хэр буув гэдгийг бид сонирхлоо. Тэрбээр “Тухайн байгууллагын үйл ажиллагааг би эртнээс мэднэ. Цахим сүлжээнд тус төвд амьдарч байсан иргэдтэй холбоотой мэдээллийг аваад дүүргийн засаг даргын хувиар очиж уулзаж, нөхцөл байдалтай танилцсан. Байгууллагын хувьд нөхцөл байдал тааруу байна. Тэнд жинхэнэ амьдрал буцалдаг газар байлаа шүү дээ. Баянзүрх дүүргийн зүгээс тухайн байгууллага болон одоо байгаа иргэдийг бүхий л талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ямар ч ажилд үр дүн маш чухал. Нэг ч гэсэн иргэнийг нийгэмшүүлж, нийгэмд төлөвшүүлж өгнө гэдэг бол маш том үр дүн гэж харж байгаа. Тус төв төрийн зүгээс хийх ёстой зарим ажлыг хийж байгаа нь үнэн шүү дээ” гэлээ. Ийнхүү дүүргийн зүгээс тус төвийн үйл ажиллагааг буцааж хэвэнд нь оруулахад эрвийх дэрвийхээрээ тусална гэдгээ хэлсэн аж.

“АСЕМ-ын уулзалтаар ирэх гадаадынханд эх орноо сайхан харагдуулахын тулд “гудамжны” иргэдээ нуусан ТӨР”

“АСЕМ-ийн бэлтгэл ажил нэрийн дор, уулзалтын үеэр траншейны хүмүүсийг нуухын тулд төрийн бус байгууллагуудаар баривчилгаагаар авчирч, тараан байрлуулсны 60 иргэн нь манайд бий шүү дээ. Иргэн хүн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй. Гэтэл тэр сонголтыг нь хийлгэхгүйгээр баривчилгаагаар траншейний иргэдийг авчирсан нь анхнаасаа хууль зөрчсөн” хэмээн Г. Загдаа гуайн эхнэр Г.Амарсайхан хэлж байв. Тус төвийн “ӨЧИГДРИЙН” тухайд улсаас хуваарилан аваачсан гэх 60, анхнаасаа тус төвд харьяалагдаж ирсэн 50, хэсэг хугацааны дотор нэмэгдсэн 20 гаруй хүмүүсээс “ӨНӨӨДӨР” үлдсэн нь 18 том хүн, таван хүүхэд.

“Төрийн байгууллагуудтай түнжин хагарснаас хойш л бүх зүйл эхэлсэн” хэмээн ярих энэ эмэгтэйн буруу, зөвийг бид шүүн тунгаах гэсэнгүй. Харин орон гэргүй, тэнэмэл, нийгмээс орхигдсон хэсгээ төр анхаарч чадаж байна уу гэх асуудал. Нөгөөтээгүүр, архины хамааралтай эцэг, эхээ дагаад явсан хүүхдүүд зүгээр л сэдэв болоод үлдэх үү.

Эрлийн багийг бригадын захирагч, хурандаа Д.Намсрай ахалж байна
Эрлийн багийг бригадын захирагч, хурандаа Д.Намсрай ахалж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.