Коронавирусийн тархалттай холбоотойгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллагуудаас танилцууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотод нийт 4825 ААН-үүдийг гуравдугаар сарын 16-нийг хүртэл түр зогсоогоод байна. Хүнсний худалдаанаас бусад хэсгээ 55 томоохон их дэлгүүр хаасан.
Мөн 495 барааны дэлгүүр, 1005 үсчин, хувцас засвар, гутал захиалга, засвар, цахилгаан барааны засвар, алт мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр, гэрэл зураг, ломбард, барилгын зах, ТҮЦ-үүдийн үндсэн үйл ажиллагааг зогсоолоо. Энэ хугацаанд тухайн байгууллагууд өөрсдөө ариутгал, цэвэрлэгээг хийх хэрэгтэй.
Блезна, жавелин гэсэн хоёр уусмалыг айл өрхүүд өөрсдөө хийж хэрэглэж болно. Өдөрт гурваас доошгүй удаа гэрээ цэвэрлэж, ариун цэврийн өрөөгөө тогтмол ариутган цэвэрлэх зөвлөмжийг өгч байна.
ААН, байгууллагууд жавелин, блезна, натри, химийн тусгай бодис ашиглан өглөө бүр халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай. Бүх байгууллагууд тусгаарлах байр бэлтгэх хэрэгтэй.
Хуурамч мэдээлэл гарсантай холбоотой хүнс нөөцлөх, хадгалах асуудал үүсгэж болохгүй. Импортын бараа хэвийн орж байна. Өдөрт зөвхөн мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн 120,4 тонн, ургамал ногоон бүтээгдэхүүн 2800 тонн, хүнсний 5000 тонн бүтээгдэхүүн орж ирж байна. Тиймээс ямар ч хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй гэдгийг иргэд ойлгоорой.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс халдвар илэрсэн Франц Улсын иргэн байрлаж байсан Баянгол зочид буудлын өрөө, үйлчлүүлсэн зоогийн газар, оффисын байр зэрэгт халдваргүйжүүлэлт хийсэн. Оффисын өрөө нь цоожтой байсан учир цагдаагийн алба хаагчдын тусламжаар онгойлгож, халдваргүйжүүлэлт, ариутгал хийсэн" хэмээв.