COVID-19 халдвар авсан нь тогтоогдоод буй Франц улсын иргэнийг биеэ үнэлэгч авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрт “Эрүүгийн цагдаагийн албанаас бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран тухайн иргэний онгоцноос бууснаас хойших бүх хугацаанд хаагуур явж, юу хийснийг нарийн шалгах ажлыг гүйцэтгээд байна.
Энэ хугацаанд олон нийтийн сүлжээнд бичээд байгаа шиг, тухайлбал “Хоёр биеэ үнэлэгч авсан” гэдэг нь ташаа мэдээлэл болохыг тогтоосон. Тухайн иргэн биеэ үнэлэгчтэй бодит байдлаар харьцаанд орсон ямар ч нөхцөл байдал тогтоогдоогүй. Биеэ үнэлэгч аваагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Хэн нэгэн хүний анхаарал татах, хандалт авах гэж тараасан ийм мэдээлэл нь хувь хүний нэр хүндэд халдсан агуулгатай тул ташаа мэдээллийг тараасан иргэн эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэж болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна” гэв.