Урин дулааны улиралд рашаан, сувилалд хэвтэн биеэ эмчлүүлж, сувилуулах иргэдийг хөл хөдөлгөөн тасардаггүй. Ингэхдээ бүх насны даатгуулагч нь ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан сувилалд нэг удаад таваас дээш хоногоор хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой байдаг билээ. Тэгвэл рашаан, сувиллын тусламж, үйлчилгээг авахдаа ямар бичиг, баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай талаар ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Пүрэвжав "Иргэд рашаан, сувилалд сувилуулахаар явахдаа хяналтын эмч аль эсхүл өрхийн эмчээсээ сувилуулах эрхийн бичиг авна. Зарим сувиллууд тусдаа төлөөлөгчийн газраар дамжуулан эрүүл мэндийн эмчийн бичгийг үндэслэн эрхийн бичгийг олгож байгаа. Сувилал нь амралтын газраас ялгаатай учраас заавал эмчийн бичигт үндэслэн сувилуулах боломж бүрдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй" гэлээ.
Одоогийн байдлаар ЭМДЕГ-тай 40 сувилал гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний 13 нь Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаагаа явуулж байгаа сувилал аж.