08:30 ЦАГ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарлаа" гэж мэдээлэв.
Коронавирусийн халдвар илэрсэн франц иргэн нь 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар" чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор Улаанбаатар хотод ирсэн ба онгоцонд хамт ирсэн болон ойрын нэгдүгээр хавьтагчдын шинжилгээний хариу гарч эхлээд байна.
Шинжилгээний хариутай холбоотой албаны мэдээллийг ЭМЯ-наас 11:00 цагт танилцуулна.
01:44 ЦАГ
2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар" чиглэлд “Аэрофлот” компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай УОК-оос мэдээлсэн билээ.
Халдвар илэрсэн нь бүртгэгдсэн франц иргэнийг Дорноговь аймагт тусгаарлаад байна.
Тухайн иргэнтэй хамт нэг онгоцоор Улаанбаатар хотод ирсэн зорчигчид, нисэх багийн 120 гаруй иргэнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулжээ. Ажиглалтад хамрагдаж, шинжилгээ өгсөн иргэдээс коронавирусийн халдвар илрээгүй буюу бүгд сөрөг гарсан талаар Зариг.мн сайт мэдээлэв.
Шинжилгээний хариутай холбоотой албаны мэдээллийг ЭМЯ-наас 11:00 цагт танилцуулна.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.