Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирус илэрсэн юм.
Уг иргэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид энэ сарын 07-нд ажлаар ирсэн бөгөөд 08-нд биеийн байдал халуурч эхлэн шинж тэмдэг илэрсэн үндэслэлээр тусгаарлагдсан юм.
Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Францын иргэнтэй нэг галт тэргээр ирсэн 28 хүний судалгааг авч тусгаарлах
- Аймгийн нутаг дэвсгэрт сумаас сум дамжих, орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах
- Фитнесс, баар, рестораны үйл ажиллагааг хаасан хугацааг сунгах
- Өмнө нь нээлттэй байсан фитнес,спортын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргав.
Харин улсын Онцгой комиссоос хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 07.00 цагаас 16-ны 07.00 цаг хүртэл хаасан.
Улаанбадрах сум нь Дорноговь аймгийн төвөөс 70 км зайд байдаг бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй “Зөөгч овоо”, “Дулаан уул” кэмпүүд дээр 20 хүний бүрэлдэхүүнтэй харуул, хамгаалалтыг гаргаад байна. “Зөөгч овоо”-н дээр 22, “Дулаан уул” дээр 38 хүнийг тусгаарласан бол аймгийн төв дээр 26 хүн, Замын-Үүд дээр хоёр иргэн гээд нийт 88 иргэнийг тусгаарласан байна.
Иргэд шаардлагагүй бол гадуур хэсэхгүй байх, айж сандралгүй тайван байж, амны хаалтаа зүүн, гараа байнга угааж байхыг Онцгой комиссоос анхаарууллаа.