Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хашаа байшинд амьдардаг ядруухан сумын засаг дарга мафи толгойллоо юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 49 секунд

Кино эхэллээ. Црин, црин...ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалсан баг Замын-Үүдийн Засаг дарга тэргүүтэй 6 хүнийг баривчилж “мафитай тэмцэж эхэллээ” гэж сүржин мэдэгдэв. Яг л Мексикийн хил дээр хар тамхи, хууль бус наймаа, аллага хийдэг шиг тийм эвгүй кримнал нөхөр баригдсан бололтой. Асуудал үүсэхээр буу зэвсэг агсаж, элдэв дэглэм, онцгой байдал тогтоодог боевик жүжиг Салхитаас эхэлж, Эрдэнэтээр өртөөлж одоо Замын-Үүд дээр өрнөж байна. Гэтэл онцгой байдал тогтоосон Эрдэнэтийн захирал нь 100 сая төгрөгөөр хүүхдээ спонсордчихоод зүгээр яваад байгаа билүү юу билээ? Ийм л ялгавартай шударга ёсны үлгэр хонгил, мафи ярьсан дуусашгүй дайсны удаах азгүй амьтан хөөрхий сумын дарга болж таарав.

Замын-Үүдийн нөхцөл байдал өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хойш л хүнд байгаа. Арилжаа наймаа, амин хувийн түмэн асуудлаар нааш цааш ачаа бараа зөөж байгаа эгэл ард түмэн хил гаалийн асуудлаа шийдээчээ гэж жил тойрон жиргэж, бархирсаар л ирсэн. Өдөрт 20 машин БНХАУ-ын талаас нэвтрүүлж байсныг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд хөөцөлдсөөр байж өдгөө дөнгөж 100 хүргэжээ. 100 гэж байгаа боловч 80 машин л орж гарч байгаа гэв. Эдийн засаг идэвхждэг, ид бүтээн байгуулалтын үед ийм хэмжээгээр оруулж гаргана гэдэг бүтэшгүй. Манай талаас Эрээний захиргаанд асуудлаа тавьдаг ч аль алийнх нь эрх мэдэл шавхагдсан. Асуудлыг Засгийн газар, Элчин сайд, дипломат харилцааны өндөр дээд шугамаар л ярихаас өөр гарцгүй гэдгийг сумын удирдлагууд, хил гаалийн байгууллага эртнээс ярьж, ийш тийшээ бичиг шидэх болсон байна. Харин Засгийн газар үүн дээр дорвитой алхам хийгээгүй гэдгийг Ерөнхий сайдын ганц үгээр нотолж болно. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Замын-Үүд, Гашуун сухайтыг харьцуулах аргагүй, энд бол ачаа, хүн тээвэр явж байгаа тэнд баялаг урсаж байгаа” гэж хэлсэн нь Замын-Үүдийг тийм ч чухал биш гэж хандаж ирсний тод илэрхийлэл билээ.

Үргэлж Буянт-Ухаагийн шилэн хоргоор хил давдаг дарга нар маань нэг удаа гаальтай УАЗ-469-өөр хил гараад үзээсэй гэж худалдаа эрхлэгчид хэдэн арван жил үгээ хэлж байгаа. Нийт худалдааны эргэлт, зорчигч тээврийн 80 нь нэвтэрдэг энэ боомтыг шинэчлэх, сайжруулах, өргөтгөж засах ажилд үе үеийн Засгийн газар хойрго хандаж ирсэн. 2015 онд Монголбанк “гаальтай 69-өөр” татваргүй, хяналтгүй орж ирдэг барааны дүнг 2 орчим их наяд төгрөг гэж тооцсон байдаг.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, ЖДҮ-г хөгжүүлнэ гэж байгаа бол элдэв зээл өгөх хэрэггүй. Ерөөсөө л энэ боомтыг цэгцэлчих, гаальтай 69 нэрээр орж ирдэг татваргүй, хар захын бараануудаас авах ёстой татвараа авчих, тэгээд л болоо гэж Монголдоо хувцас оёж ядаж байгаа залуус ярьдаг юм билээ. Монголд өчнөөн хүн цалинжуулж, нийгмийн даатгал татвараа төлж бөөн зардал шингэж гарсан эх орны оёмол бүтээгдэхүүнтэй “гаальтай 69”-өөр татваргүй сөгнөж ирсэн хар захын бараануудыг өрсөлдүүлж байгаа нь төр Засгийн бодлогогүй, харалган байгаагийн л шинж. Энэ тогтолцооны гажуудал манай жижиг дунд үйлдвэрлэлийг боомилж байгаа хамгийн том хаалт гэдэг юм билээ. За энэ нарийн ширийн эдийн засгийн асуудлыг түр орхьё. Нямба, Оюука нар маань ямар ойлгох ч биш. Ойлгодгоор нь эргээд баривчилгааны сэдэв рүү оръё.

Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа хуулиар хийлийн дэг журам буюу дугаар дарааллыг хил хамгаалах албанаас зохион байгуулж, зорчигчийг нэвтрүүлдэг. Ингээд ороод ирсэн ачаа, тээврийг гааль бүрдүүлэлт хийж, шалгана. Үүний дараа мэргэжлийн хяналтын газар мэдүүлгийн дагуу чанар, стандарт, хадгалах хугацаа зэргийг хянадаг. Сумын дарга сумынхаа өдөр тутмын амьдралыг хариуцдаг болохоос шууд боомтын ажилд оролцох ямар ч эрх мэдэлгүй. Хуулиараа ч тийм боломжгүй. Гэтэл гаалийн даргыг чөлөөлснийг эс тооцвол бусад бүх босоо томилгоотой байгууллагын дарга, ажил шууд хариуцдаг хүмүүсээс хэнийг ч халсангүй, баривчилсангүй, харин сэлгэн томилуулах тушаал гарав аа. Ардаа намтай, фракцтай нь ингээд сэлгэгдээд яваад өгдөг юм байжээ. Ард түмэнд үзүүлэх дүүжлүүр хоосон байгаад зэрлэгшсэн олон нийт ялтан нэхээд болдоггүй. Хувьдаа 10 машинтай гэдэг цуурхлаар өвлөөс хойш, шалгуулсан засаг даргыг энэ дүүжлүүрт углаж аваад хотын зүг их цэргээ удирдаад жанжин буцлаа.

Б.Анхбаяр гэж хэн бэ?

Дийлдэшгүй мафийн толгойлогч, Замын-Үүдийн Засаг дарга Б.Анхбаяр гэж шинэ ороолонтой кино гаргавал талбайн жагсаал, эрүүл мэндийн салбар тойрсон элдэв хэл ам намжин ихэс дээдэс маань тухтай наадамлана гэж улс төрийн төлөгт буужээ. Монголын тэргүүний мафи Б.Анхбаяр нь улс төрд аргүй, сумынхан нь андахгүй, муу хэлэгдээд байдаггүй залуу гэнэ. Олон жил цагаач нар ирж бужигнуулсан сумыг маань одоо л нутгийн залуу удирдах ёстой гэсэн Замын-Үүдийнхний бослого шахуу шахалтаар томилогдсон даруухан залуу гэж эргэн тойрныхон нь ярих ажээ. Одоо болтол орон сууцанд ороогүй, гэр хороололд хашаа байшиндаа амьдардаг энэ залууг Монголын толгой мафи байна чинээ хэн сэтгэх билээ.
Б.Анхбаяр нь МУИС-ыг 2006 онд төгссөн цагаасаа хойш нутагтаа ажилласан. Өнгөрөгч 4 жилд ИТХ-ын дарга хийж байгаад засаг даргаар томилогдсон нэгэн ажээ. Тэрбээр баривчлагдахаас нэг хоногийн өмнө Улаанбаатар хотод ирээд “Засгийн газрын хуралдаанаар асуудал оруулна” гээд явж байж. Гэтэл Х.Нямбаатар сайд очиж ажиллахаар боллоо гэсэн сургаар тэр шөнөдөө сумруугаа буцаад ийнхүү баривчлагджээ.

Энэ бүхнийг үзсэн нутгийнхан нь “чоно борооноор томилгоо сенсациар гэдэг юм боллоо. Нутгийн хүү Засаг дарга хийх нь хэнд ч ашиггүй болохоор зайлуулахын тулд цагаач нар зориуд ийм явуулга хийлээ” гэж ярьж байна. Замын-Үүдийн гаалийн даргаар “Суман гүн”-ий буюу “Боов Сүхээ” нэрээр алдартай Б.Сүхбаатар, Мэргэжлийн хяналтын даргаар нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчимэг томилогдож байгаа гэж мэдээлэв. Б.Сүхбаатар нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ойрын хүн бол Л.Эрдэнэчимэг Шадар сайд С.Амарсайханы “үнэнч цэрэг” гэгддэг. Том зургаараа С.Батболдоор овоглодог гаалийн дарга С.Асралтын хашаанд төлөөний хүнээ оруулж орхиод л яваад өглөө. Цаашлаад гаалийн 32 байцаагчийн орон тоо, хил хамгаалах, мэргэжлийн хяналт гээд өчнөөн ажлын байр суллав. Сонгуульд чинь зүтгээд ажилд томилогдож чадахгүй байна гэсэн олон гомдогсдыг тавих талбайтай боллоо гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Боов юм даа хөөрхий.

Жич: Хэвлэлийн зөвлөл, цагдаагийн цахим хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг орчин үеийн хэвлэлийн цензурын байгууллагуудад тайлбарлах нь: Боов гэдгээр ямар нэг эрхтэн биш Монголчууд цагаан сар, баяр наадмаар ширээндээ дээдлэн залдаг гурилан бүтээгдэхүүнийг илэрхийлсэн болно.

О.Цагариг

Д.Уламбаяр: Cyber Bullying буюу цахим дарамтад хэн нэгнийг бүү оруулаарай, бусдын үзэл бодлыг хүндэтгэж байгаарай
Д.Уламбаяр: Cyber Bullying буюу цахим дарамтад хэн нэгнийг бүү оруулаарай, бусдын үзэл бодлыг хүндэтгэж байгаарай
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.