“Дархан явлаа, Дархан, Дархан”, “Эрдэнэт рүү нэг хүн аваад гарлаа” гэх үгс олны хэлж заншсанаар “Dragon” төвийн ойр орчимд үргэлжид хадаатай байсаар ирсэн. Цар тахал, хөл хориотой холбогдуулан ихэнх аймгууд “үүдээ хаасан” хэдий ч хувийн тэргэндээ таван хүн суулгаад хулгайн замаар одогсод олширч, амандаа орсон үнээ хэлээд давхих болжээ. Энэ сэдвийг хөндөхөөр “Dragon” төвөөс сурвалжилга бэлтгэлээ.
Аймгуудын шийдвэрээс шалтгаалан бидний хэлж заншсанаар шуудангийн автобусуудын ихэнх нь орон нутаг руу зорчих хөдөлгөөнөө зогсоогоод буй бол хаашаа л бол хаашаа, хаагуур л бол хаагуур давхиад явахад бэлэн хувийн унаагаар хот хооронд зорчигсод “асаалттай танк”-ныхаа дэргэд зогсоод өглөө, өдөр, оройгүй хүнээ дүүргээд явахаар зэхнэ. Иргэдэд нэгэнт хэрэгцээ, шаардлага байгаа хойно үндсэн үнэ гурав дахин өссөн ч гэлээ “нүдээ аниад” явахаас өөр аргагүй.
Баруун аймгуудын зорчих хууль бус тээвэрлэлтийн талаар Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн дарга Ц.Цэцэг-Ундралаас тодруулахад, “Хулгайн тээврийн хэрэгслүүд постуудаар дамжихгүй хулгайн замаар яваад байна. Нэгэнт л хүмүүс яваад эрсдэл учраад байгаа учраас хот хоорондын замаа нээгээд явуулж байвал ядаж л хяналттай, муугаар бодоод асуудал үүслээ гэхэд буух эзэнтэй, буцах хаягтай шүү дээ. Хулгайн тээврийн хэрэгслүүд ямар ч бүртгэлгүй, эрсдэлтэй. Бүртгэлтэй, даатгалтай, хот хооронд явж байгаа иргэдийнхээ халууныг үздэг, бүрдүүлэх бичиг баримтуудад хяналт шалгадаг хийдэг хот хоорондын албан ёсны тээврийн хэрэгслээр явбал наандаж эрсдэл багатай, цаанадаж үнийн хувьд хямд” гэв.
Хот хооронд зорчихоор “Dragon” төв дээр ирсэн иргэдийн үзэл бодлыг сонслоо. Иргэн Г.Алтантулга “Би Эрдэнэтэд ажил хийдэг юм. Тогтмол Улаанбаатар, Эрдэнэтийн хооронд нааш цааш явдаг. Өнөөдөр хот хоорондын автобусаар явах гэж байна. Автобусаар явахад 20.000 төгрөг байдаг. Харин хувийн тэрэгтэй хүмүүстэй явахад 30.000-40.000 хооронд янз бүр байдаг. Автобус явахаа байчихвал хувийн унаанд суугаад явахаас өөр замгүй. Гэхдээ энэ хүмүүст бүх бурууг өгөх гээд яах вэ, зам харгуй ямар байгаа билээ дээ” гэв.
Мөн Дархан явах гэж байгаа гэх иргэн С.Төрболдоос хот хооронд зорчих нөхцөл байдлын талаар тодруулахад, “Аль явж байгаагаар нь л явах гэж байна. Корона гарснаас хойш эцэг эхтэйгээ нэг ч уулзаж чадсангүй. Дархан руу 25.000 төгрөгөөр явна гэж байна. Өгөөд явахаас өөр арга алга байна шүү дээ” гэлээ.
Орон нутгууд руу зорчих хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар болон дээрх асуудлын талаар Автотээврийн үндэсний төвийн зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар хэдэн аймаг руу зорчих хөдөлгөөн нээлттэй байгаа вэ?
-Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газартай гэрээтэй 21 аймгийн 61 чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг. 2020 гарснаас хойш цар тахалтай холбоотойгоор таваас зургаан удаагийн зогсолт хийгээд байна. Энэ оны тавдугаар сарын 22-ноос хот хоорондын хөдөлгөөн нээгдсэн хэдий ч халдварын тархалтаас шалтгаалж аймгуудын онцгой комиссоос хязгаарлалтууд хийгээд байна. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 43 сумын чиглэлд тээвэрлэлт түр зогссон байна. Энэ нь нийт чиглэлийн 72.8 хувь нь хөдөлгөөний хязгаарлалт хийсэн гэсэн үг.
Архангай, Булган, Говь-Алтай, Дархан, Дорнод, Дорноговь, Ховд, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Төв, Сүхбаатар, Өмнөговь болон Баянхонгорын чиглэл рүү тээвэрлэлт зогссон бол 17 чиглэлд тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Ихэнх аймгуудын хувьд энэ сарын 10-ныг хүртэл хот хоорондын хязгаарлалтаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.
-Хэдийгээр баяр наадмыг тэмдэглэхгүй шийдвэр гарсан хэдий ч хөдөө орон нутгийг зорих иргэд олон байна. Хэрэв аймгуудын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 10-наас эхлэн орох, гарах хөдөлгөөнийг нээвэл хот хоорондын тээвэр ажиллах уу?
-Ажиллана. Бид жилийн 365 хоног тасалдахгүй хот хоорондын тээвэрлэлтйн үйл ажиллагаа явуулдаг. Хөдөлгөөн нээлттэй л бол явах боломжтой. Гэхдээ мэдээж вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байх, үгүй бол pcr шинжилгээний сөрөг хариутай байх зэрэг шаардлагууд бий.
-Хууль бус тээвэрлэлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Аймгууд албан ёсоор орох гарах хөдөлгөөнөө зогсоохоор бид бас гэрээт тээвэрлэлтээ зогсоохоос өөр аргагүй. Гэтэл хувийн унаагаар зорчих хөдөлгөөнд тавих хяналт, зохицуулалт сул байгаагаас болоод ч тэрүү асуудлууд үүсэж байна. Үүн дээр тулгарч байгаа нэг хүндрэлтэй тал нь хулгайн замууд олон байна. Гэрээтэй, албан ёсны тээвэрлэлт зогсчихоор нөгөө хууль бус тээвэрлэлт явуулж байгаа хүмүүс маань үнийн хөөрөгдөл үүсгээд байна. Үүн дээр бид улсын онгой комисс, аймгуудын онцгой комисстой хамтраад чиглэл өгдөг. Мөн аймгууд руу зөвхөн албан ёсны гэрээтэй нийтийн тээврийг явуулаад хувийн тэргүүдийг хориглох хүсэлтээ явуулдаг. Зарим аймгууд энэхүү хүсэлтийг хүлээж авч байгаа. Жишээ нь, Сүхбаатар аймаг хувийн тэргүүдийг хорьсон. Зөвхөн манай гэрээтэй автобуснуудыг хүлээж авч байгаа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Гурван түвшний эх сурвалжаас мэдээлэл бэлтгэхэд дээрх асуудлыг шийдэх цор ганц гаргалгаа нь аймгийн удирдлагууд замаа нээж, зөвшөөрөлтэй хот хоорондын зорчигч тээврүүдийг нэвтрүүлэх гэх. Гэвч энэ нь асуудлыг цогцоор шийдэх гаргалгаа биш юм. Аймгууд орох, гарах хөдөлгөөнөө нээвэл нөхцөл байдал илүү хүндрэх эрсдэл бий. Үүний дүнд өндөр үнэ төлөн, эрсдэл үүрч хууль бусаар орон нутгийг зорих, халдварын нөхцөл байдал намжтал орон нутгийг зорихгүй байх гэсэн хоёр сонголт иргэдэд үлджээ.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан
Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш