Тулгар төрийн 100 жилийн ойн наадам хойшилсонтой холбогдуулан Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзийтэй цөөн хором ярилцлаа.
-Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулах шийдвэр гарсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Төр засгийн буруу шийдвэрээс болж уяачдын хөдөлмөр үнэгүйдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард ч юм уу, морь уяа эхлэхээс өмнө наадам хийхгүй шийдвэрээ эрт гаргасан бол цар тахалтай холбоотойгоор уяачид шийдвэрийг нь хүндэтгэж хүлээн авах байсан. Хамгийн гол нь иргэд эсэргүүцээд байхад орон нутгийн баяр наадмыг хориглож, нийслэлд цахимаар хийнэ гэсэн шийдвэр гаргахаар нь бид бэлтгэлдээ гарахаар Улсын наадмаа зориод ирсэн. Баяр наадам болохоос ердөө 8, 9-хөн хоногийн өмнө шийдвэрээ дахин өөрчилсөнд л бухимдаж байна.
-Уяачдын хувьд гол дэвшүүлж байгаа асуудал нь олон жилийн нөр их хөдөлмөр, түүнийг дагасан ажлын байр ганхахад хүрлээ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүн дээр та өөрийн байр сууриа хүргээч?
-Уяачдын ард олон хүний ажлын байр амьдрал ахуй яригддаг. Уяач, уяачийн туслах, унаач хүүхэд, унаачийн ард ар гэр гэж байна. Морь тэжээхэд ар талд нь өвс хадлан бэлддэг хүмүүс, овъёос тэжээл зардаг хүмүүс гэх мэт үүнтэй холбоотой маш олон ажлын байр ганхахад хүрээд байна. Үүний цаана олон хүний ажлын байр, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр яригдаж байна. Миний хувьд 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
-Уяачид энэ наадамд бэлдэж хэдий хэмжээний эдийн засгийн хохирол амссан хэмээн үзэж байна вэ?
-Ер нь мориныхоо тооноос хамаарч янз янз байна. Адуучин унаач хүүхэд, түрүүн дээр дурдсан ажилчдынхаа цалин урсгал зардал зэргийг нарийн тооцож гаргахад бэрх байна.
-Өнгөрсөн баасан гаригт болсон морьт жагсаал дээр та оролцсон. Ямар байр суурьтай оролцсон бэ?
-Жагсаалыг харж байхад залуу үе Монгол ахуй соёл гэдэг зүйлээс холдсон байна. Малчин ардууд уяачдыг бүдүүлэг “оркууд” гэсэн байдлаар хандаж, хашгирч доромжилж байгаа анзаарагдсан. Сүүлийн үеийн зарим залуус юмыг хайрлах сэтгэлгүй болж хүмүүжиж байгааг харлаа. Хөдөө өссөн хүүхдүүд аав ээжийгээ хайрлана, адуу малаа хайрлана, нутаг усаа хайрлана, үүнээс үүдэн эх орноо хүртэл хайрлах сэтгэхүй суудаг юм байна.
-Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Аливаа юманд эрсдэл гэж байна. Хүүхэд мориноос унах бэртэж гэмтэх тохиолдол байдаг. Гэтэл ахуйн ослоор, авто машины ослоор өдөр бүр шахуу гэмтдэг юм байна. Жишээ нь, авто машины ослоор л гэхэд жилд 600 гаран хүүхэд энддэг. Морины ослоор жилд 2,3 хүүхэд энддэг юм билээ. Гэхдээ үүнтэй энийг холбож ойлгож ярьж болохгүй Гэхдээ л уяачид малчидруугаа хэтэрхий тэгж дайрч болохгүй.
-Уяачдыг баячууд л гэж харах юм. Уяачид ер нь хэр баян хүмүүс байдаг юм бэ?
-Уяачдыг ер нь баячууд гэх юм. Гэтэл морь уядаг 60000 мянган уяач байлаа гэж үзэхэд хэд нь баян хэд нь малчин ардууд байгаа гэдгийг тооцож гаргасан судалгаа алга байна. Ер нь 90 хувь нь малчин ардууд байдаг шүү дээ. Хэрвээ энэ морин уралдааныг хориод баявал хөдөө мал маллах малчин гэж байхгүй болно. Өв соёл монгол ахуйгаа авч яваа хүмүүс чинь малчин ардууд буюу малчин уяач залуус байна. Хэрвээ морь уралдахаа больвол монголд мал маллах хүн олдохгүй болно доо.
-Цаашдаа туслах уяач, хурдан морь унаач хүүхдүүдээ яах вэ?
-Гэр орондоо л буцах байх даа. Энэ чинь ажлын байр алдагдаж байгаагийн л нэг хэлбэр болж байна даа.
-Уяа торгон ирэн дээрээ байгаа морьдоо яах вэ?
-Одоо тэгээд нэгэнт л ийм шийдвэр гарсан хойно морьдоо тавина шүү дээ. Манай төр засаг үнэхээрийн болчимгүй шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэртээ эзэн болж чадахгүй байна. Би яах вэ. Хаа байсан Ховд,Увсаас ирсэн уяачид байгаа шүү дээ. Тэд нар баян улсууд биш шүү дээ. Бид нар чинь өөрөөсөө харамлан байж хоол унднаасаа хумслан баж хэдэн морь тэжээсэн, хэдэн зуун жилээр уламжлагдаж ирсэн генинд байдаг зүйлээ төр засгийн буруу шийдвэрээс болж хохирч байна. Зарим аймгууд карантилчихсан байна. Нөгөө муу хэдийгээ тусгаарлана, оруулахгүй гэсэн байр суурийг аймгууд илэрхийлээд эхэллээ шүү дээ.
-Та наадам болохгүй ч гэсэн залуу уяач нартаа хандаж үг хэлнэ үү?
-Наадам нэгээр дуусахгүй шүү дээ. Залуу уяач нартаа морио уяад монгол ахуй өв соёлоо тэжээж, монгол нутагтаа аж төрөхийг л уриалж байна. Дараа жил цар тахалгүй дэлгэр сайхан наадах байх аа дүү нар минь
-Манай сайтад ярилцлага өгсөн таньд баярлалаа. Ард түмэн, уяачиддаа хандаж хэлээгүй үлдээсэн зүйл байвал хэлнэ үү?
-Энэ төрт ёсны наадам гэдэг төр улс тогтсон цагаас эхлэсэн болов уу гэж би боддог. Монголчууд Маж улсд 300 жил дарлуулахдаа ч гэсэн эрийн гурван наадмаа хийж байсан. 1906 оноос 1921 хүртэл арваад жил л завсарласан байдаг. Ардын хувьсгал ялаад 99 жил болоход төрийн наадам завсарлаагүй хийгдэж ирсэн түүхтэй. Энэ жил завсарлаж байна. Үүнийг би гутамшиг гэж бодож байна. Энэ төрийн наадам гэдэг чинь Монгол Улс тусгаар улс гэдгийг, оршин тогтнож байгаагийн бэлэг тэмдэг болсон зүйл учраас наадмаа хийгүй байгаа нь тусгаар Монгол Улс гэж хэлэхэд эмгэнэлтэй байна.