“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр Ногдол ашигтай холбоотой сошиал орчинд тархаад буй асуудлаар тодруулга мэдэээлэл өглөө.
“1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн Менежер Э.Баатарцогт : "Facebook буюу сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 50 гаруй хуурамч пэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүдийг цацаж байна. Тухайлбал, “1072 хувьцааг өндөр үнээр авна, зарна” гэсэн олон зар сошиал орчинд цацагдаж байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Мөн Зөрчлийн тухай хуулиар цахим орчинд олон нийтэд санаатай ташаа мэдээлэл түгээсэн хэлбэр бөгөөд энэ төрлийн зөрчил гаргасан иргэнийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.
Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. Гэхдээ зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хувьцаа болон нийт иргэдийн хувьцааны өөрчлөлтийн бүртгэл цахим хэлбэрээр ҮЦТХТ-д хадгалагддаг.
1072 хувьцааг Дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох хүртэл зарах, борлуулах боломжгүй бөгөөд зарим пэйж, группууд хандалт, дагагчаа өсгөх зорилгоор иймэрхүү агуулга бүхий хуурамч мэдээлэл, зар нийтэд түгээж байгааг сэрэмжлүүлж байна" гэсэн юм.
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:
www.ett.mn вэб сайт
“1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
ЕТТ аппликейшн
158989 мессеж дугаар.