Бид хүний эрхийн талаар хамгийн их ярьдаг ч, түүнийгээ хамгийн гаргууд зөрчдөг улс. Ялангуяа жил бүрийн наадмаар унаач хүүхдүүдийн асуудал үргэлж сөхөгддөг ч зөрчсөн хэвээрээ л явсаар байна. Энэ жил уг асуудал бүр онцлогтойгоор хөндөгдөж эхэллээ. Өмнө нь бид зөвхөн хүүхдийг бэртэж гэмтэхээс нь айдаг байсан бол энэ удаад халдвар авахаас нь айж сууна. Өдрөөс өдөрт 2000 хүрч тоологдож буй халдварын 40 хувь 0-16 насны хүүхдийн халдвар эзэлж байна. Засгийн газраас цахимаар наадам тэмдэглэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа базааж эхэлсэн ч, хурдан морины унаач хүүхдүүдтэй асуудал ийнхүү “босч” ирлээ. Нэгэнт аймаг, сумдын наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн тул орон нутгийн бараг бүх уяачид уясан морио уралдуулахаар Улаанбаатарыг зорьсон их хөл хөдөлгөөнийг үүсгэхэд бэлэг болоод байна. Өөрөөр хэлбэл өмнө нь улсын наадамд нэг насанд 150-200 орчим морьд уралддаг байсан бол энэ жил уг тоо 300-500 давж магадгүй гэх тооцооллыг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Энэ хэрээр наадмын өдрүүдэд цуглах унаач хүүхдүүдийн тоо өснө. Тэр хэрээр вакциндаа хамрагдаагүй, олуулаа бөөгнөрсөн халдвар хамгаалал алдагдсан нөхцөлд хүүхдүүдийн дунд ковид алдагдах эрсдэл шууд үүснэ. Хүний эрхийн үндэсний комиссоос яг энэ шалтгаанаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэд энэ удаагийн хурдан морины уралдааныг болиулахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл уг асуудал шийдэгдсэнгүй. Унаач хүүхдүүдтэй холбоотой маш олон ноцтой хүний эрхийн зөрчлүүд гардаг. Гэвч даатгал, ёс уламжлал зэргээр аргалсаар нэг ч асуудал нь шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм.
Тэгвэл ядаж ковид, цар тахалтай энэ цаг үед халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг гэж тодорхойлогдоод буй хүүхдүүдийг хэдэн зуугаар нь нэг дор бөөгнөрүүлэхийг болиулах хэрэгтэй байна. Гэтэл зарим нэг уяачид нь “3 метрийн өндөрт морин дээр давхиж яваа хүүхдүүд халдвар авахгүй. Хамгийн цэвэр агаарт байгаа” гээд тоглоод байгаа нь мэдэгдэхгүй, шоглоод байгаа нь мэдэгдэхгүй зүйл ярьсаар хот руу ирж явна. Тэдний хэлж буйгаар унаач хүүхдүүд чинь наадам дуустал мориноосоо буухгүй морин дээрээ л байх бололтой. Хаагуур нь идэж ууж, унтаж хэвтэж, тоглож наадаж, бааж шээх юм бүү мэд. Ингээд наадмын дараа хүүхдүүд дор бүрнээ нутаг орноо зорино. Хэрвээ ямар нэгэн байдлаар халдвар авсан бол үүнийгээ гэр бүлдээ, аймаг сумдаа тараах эрсдэл үүснэ.
Ковидоос шалтгаалж бараг хоёр жил хүүхдүүд сургуульдаа явах, сурах боловсрох эрхээ хасуулсан. Сая гэхэд л төгсөх ангийн хүүхдүүдийг халдварын тохиолдол нэмэгдэж, хүүхдүүдийн халдварын тоо өслөө гээд Ерөнхий эрдмийн шалгалтыг нь цуцалчихсан. Гэтэл цахим наадам гэх ноёдын “зугаа” цэнгэлдээ хүүхдүүдийн эрхийг зөрчиж, заавал ийм эрсдэлтэй байдал руу түлхэх шаардлага байна уу, Ерөнхий сайд аа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд та Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн хүн. Ирээдүй хойч болсон хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах Үндэсний зөвлөлийн тэргүүн хүн уг асуудалд өнөөдрийг хүртэл бүлх залгичихсан мэт суугаа нь ямар учиртай вэ. Нэн түрүүнд хүүхдүүдээ бодох ёстой бус уу. Нэг наадмаар морио уралдуулаагүй гээд хэн ч үхэхгүй.
Харин дарга нарын наадам нээх донгоос чинь болж унаач хүүхдүүд эхнээсээ эндэж эхэллээ. Гэмтэж бэртсэн, нууж дарагдуулсан тохиолдлуудыг тоолоод ч барахгүй олон байгаа. Улсын наадамд олон морь уралдах хэрээрээ хүүхдүүдийн бэртэж гэмтэх, унах эрсдэл нэмэгдэнэ шүү